ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
МАН УИХ-ын ээлжит сонгуулийн зардлаа бүрдүүлэхийн тулд Хүчээ нэгтгэе” хандивын аяныг өнгөрсөн ням гарагт эхлүүлсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар хандив, дэнчин авахгүйгээр, зөвхөн мэдлэг боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, төрд ажиллах чадвартай улстөрчдийг нэр дэвшүүлсэн. Мөн нэр дэвшигчдийг хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа бүрдүүлэхийг үүрэг болгосон юм. Үүний дагуу тус нам Сонгуулийн хуульд заасны дагуу хандив цугпуулж эхэлсэн. Тэгвэл МАН-аас өрнүүлж буй хандив цуглуулах арга хэмжээ нь хуульд хэрхэн нийцэж байгаа болон хандив өргөж буй иргэн, аж ахуйн нэгж юунд анхаарах ёстой талаар хуульч Ү.Амарбатаас тодрууллаа.
-МАН-аас сонгуулийн зардал бүрдүүлэх хандивын аяныг эхлүүлсэн. Энэ санаачилга хуульд хэр нийцэж байгаа вэ?
-УИХ-ын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуульд улс төрийн намууд сонгуульд оролцохдоо хандивыг хэрхэн, яаж бүрдүүлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Дээрээс нь сонгуулийн бус үед хандивыг хэрхэн цуглуулах талаар Улс төрийн намын тухай хуульд мөн нарийвчлан тусгасан байдаг. Харамсалтай нь намууд цэвэр бус эх үүсвэрээс буюу сонгогдсоныхоо дараа өр төлөх хэлбэрээр хандив цуглуулж байгаа жишээ гарсаар байна. Тухайлбал, нэр дэвших эрх олгож байгаагийнхаа төлөө их хэмжээний мөнгө авах эсвэл улс төрийн намууд томоохон хэмжээний ганц, хоёрхон компаниас санхүүжих.Үгүй бол аль нэг улс төрийн нам их хэмжээний мөнгийг сонгуульд зарцуулаад байгаа атлаа эх үүсвэр нь тодорхойгүй байх зэрэг асуудал нийгэмд үүсээд байна. Ийм байдлыг бид нүдээр үзээд, хараад сууж байна шүү дээ. Улс төр нь хөгжөөд, соёл нь төлөвшчихсөн намууд нэг эх үүсвэрээс их хэмжээний мөнгө авах биш олон хүнээс буюу тухайн намын гишүүд дэмжигчдээс бага хэмжээний мөнгийг, олон эх үүсвэрэс татан төвлөрүүлдэг. Ингэж цуглуулсан мөнгөөрөө сонгуулийнхаа сурталчилгааны кампанит ажлыг санхүүжүүлсэн нь хамгийн зөв хувилбар юм. Өөрөөр хэлбэл, ингэж хандив цуглуулсан нам сонгуулийн дараа хэн нэгний өмнө өргүй, хэн нэгэнд зориулсан шийдвэр гаргахгүйд голутга учир нь оршиж байгаа юм. Хэрвээ тухайн улс төрийн нам засгийн эрхэнд гараад хэн нэгний төлөө шийдвэр гаргах ёстой бол өөрт нь хандиваа өгч, итгэлээ хүлээлгэсэн ард иргэдэд үйлчилдэг. Энэ бол хүн бүхний хүсдэг цэвэр систем.
МАН-ын хувьд сонгуулийн хандив цуглуулахаар дансаа ил, тодоор зарлаад олон нийтээс дэмжлэг хүсч байна. Өөрийн нэр дэвшигчдээс юмуу томоохон компаниудаас хандив авахаас татгалзаж байгаагийнхаа хувьд МАН-ын санаачилга хамгийн өргөн хүрээнд өрнөж буй эхний санаачилга гэж харж байна. Энэ санаачилга Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж буй өдөртэй утга агуулгаараа уялдаатай.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсэг нь улс төрийн нам нийт иргэдийнхээ эрх ашгийг илэрхийлнэ. Санхүүжилт нь шилэн, ил тод, нээлттэй байх зохицуулалт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлж байна. Үндсэн хуулийн энэ заалтыг улс төрийн намууд амилуулах, хувь нэмрээ оруулах ёстой. Энэ тухайд МАН манлайлал үзүүлж байна гэж томьёолж болохоор байна.
-Сонгуулийн санхүүжилтийг хандиваас өөрөөр бүрдүүлэх боломж бий юү?
-Сонгуулийг хуулийн дагуу шударга явуулахын тулд бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Тэгэхээр улс төрийн нам сонгуульд оролцохдоо Сонгуулийн тухай хуульд заасан хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Юуны түрүүнд улс төрийн нам гурван эх үүсвэрээс сонгуулийн санхүүжилтээ босгоно. Үүнд нэгдүгээрт, хандив, намын хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө байна. Мэдээж хандив бол үлэмж хэсгийг бүрдүүлж таарна. Иргэдийн хувьд хандивыг мөнгөн болон мөнгөн бус гэсэн хоёр төрлөөр өгч болно. Мөнгөн хэлбэрээр өгч байгаа тохиолдолд хуульд заасан хоёр хязгаарыг баримтлах ёстой. Хэрвээ хувь хүн хандив өгч байгаа бол тав хүртэлх сая төгрөгийг өгөх боломжтой.
Хуулийн этгээд бол 20 хүртэлх сая төгрөгийг хандивлаж болно. Ингэхдээ хандив өгч байгаа бол хувь хүн үү эсвэл байгууллага, аж ахуйн нэгжээс үү гэдгээс гадна нэр, регистрийн дугаар болон тухайн хандивыг ямар эх үүсвэрээс өгч байгаагаа заавал тусгаж байж улс төрийн нам тухайн хандивыг хүлээн авах боломж бүрдэнэ.
-Хэн хандив өгч болохгүй вэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан долоон субьектээс хандив авч болохгүй. Үүнд гаднын иргэн болон олон улсын байгууллагууд сонгуульд хандив өргөж болохгүй. Мөн ямар нэг улсын харьяалалгүй иргэн хандив өргөх боломжгүй. Мөн насанд хүрээгүй хүүхэд, төрийн бүх төрлийн байгууллага, төрийн өмчит компаниудаас сонгуулийн хандив авч болохгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр татварын өртэй нь тогтоогдсон байгууллага сонгуулийн хандив өгөх боломжгүй. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор татвараа хойшлуулчихсан байгаа бол хамаарахгүй. Үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага болон үүсгэн байгуулагдаад нэг жил болоогүй байгууллага мөн улс төрийн намд сонгуулийн хандив өргөх боломжгүй гэдгийг хуульд нарийвчлан заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан иргэн, аж ахуйн нэгжээс хандив өгвөл улс төрийн намууд хүлээж авахгүй байх хэрэгтэй байх нь. Үүнд улс төрийн намууд хууль зүйн хувьд анхаарч ажиллах шаардлагатай.
Х.ӨНӨРБОЛД