Гадаадад гацсан монголчуудын эх орондоо ирэх сүүлчийн найдвар тасарлаа

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

  • Гадаадад гацсан иргэд, тэдний ар гэрийнхэн нийлж тэмцээд ч уулзах мөчөө урагшлуулж чадсангүй
  • "Хаягдагсад” халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр барьж, эзгүй хээр цэргийн майханд ч байсан тусгаарлалтын хоногоо дуустал хянуулахаа амлаад буй. Хилээ нээж, гаднын нислэгийг авах хэсэгхэн орон зай гаргаад өгвөл улс дамжин "гүйсээр” эх нутагтаа ирэхийг хүсэж байна 
  • Гадаад хэргийн сайд нь эх орондоо ирэхийг хүссэн иргэдээ "10 мянган олигарх” хэмээн цоллож, засгийн тэргүүн хилээ нээхгүй гэдгээ ил шулуун хэллээ

Япон улсад коронавирусийн 15,569 халдвар илэрч, 825 иргэнээ алдаад байгаа ч хөл хориог цуцаллаа. Нэг сая хүнд ногдох халдварын тохиолдлын тоо 132 болж буурсан нь онц байдлаа бүрмөсөн цуцлах үндэслэл болжээ. Гэхдээ халдварын ид дэгдэлтийн үед ч тэд бусад улсаас иргэдээ авсаар ирсэн. Үлдсэн хүмүүстээ байрны түрээс, хэрэглээний мөнгөн дэмжлэг үзүүлж, нэг иргэний үнэ цэн нийт улсын баялаг гэх бодлогоор явж ирсэн юм. Харин манай улс хаалгаа түгжин, хилийн чанадад хүнд байдалд орж, зовж зүдэрсэн иргэдээ зөнд нь хаяснаар барахгүй арай гэж илгээсэн тусгай үүргийн нислэгтээ дарга нарын үр хүүхэд, хамаатан садныг шургуулж, өвдсөн, хоосорсон, үр хүүхдээ орхиод удсан иргэдээ "өшиглөж” хаясан. Гадаад хэргийн сайд нь эх орондоо ирэхийг хүссэн иргэдээ "10 мянган олигарх” хэмээн цоллож, засгийн тэргүүн хилээ нээхгүй гэдгээ ил шулуун хэллээ. Харьд суугаа монголчуудын цөхрөлийг гаднынхан хүртэл өрөвдөн ойлгож, төр засагтаа үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэх боломж олгож байна.

Хүнд байдалд орсон иргэдэд хүнсний тусламж илгээж, оршин суух зөвшөөрлийг хүндрэлгүй сунгаж өгсөөр. Хүүхдээ хайхардаггүй архичин, тэнүүлчин эцэг эхийн өлсгөлөн үрсэд хааяа нэг буян санасан өр нимгэн сэтгэлтэн халуун хоол, бүлээн үгсээр тусалдагтай адил байгаа биз. Удахгүй Эх үрсийн баяр болно. Энэ өдөр "өгөөмрөө барьж дийлэхгүй” улстөрчдийн гоё үгэнд бялуурч, илгээсэн боодол бэлгийг нь баярлан гардах хүүхдүүдийн дүрс бичлэг, мэдээний хуудас тасралтгүй үргэлжилнэ. Харамсалтай нь ээж аавыгаа гадаадаас ирэхийг хүлээж, хагас жилийг "өнчирч” өнгөрүүлсэн хүүхдүүдэд энэ нь баяр баясгалан болохгүй. Эцэг эхээ санан бэтгэрч, шөнө орондоо шээж, өдөр нь хэнтэй ч харьцахыг хүсэхгүй, дотроо шаналсан бяцхан зүрхэнд хайртай хүмүүсийг нь авчрах л хамгийн том бэлэг болно. Гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн 11,275 иргэний 98 орчим хувийнх нь ар гэрт 1-3 хүүхэд эмээ өвөөтэйгөө, садангийндаа, зарим нь хөлсний асрагчтай үлдсэн. Тэдний дунд гэртээ цоожлуулж, айл айлаар нүүдэллэж, асран хамгаалагчаасаа үүрд хагацсан нь ч байна. Эрүүл мэндийн шалтгаантай, асаргаа шаардлагатай хүүхдүүд, ахуйн ослоор гэмтэж бэртсэн балчрууд, архины хамааралтай садангаасаа айж түгшин өдөр хоногийг өнгөрөөгсөд ч цөөнгүй. Гуниггүй цагаахан насанд нь амьдын хагацлыг ханатал үзүүлэх хатуурхлын гол шалтгаан тусгаарлах байрны нөөц хангалтгүй гэдэг улигт үг. Хэдийгээр "дотооддоо вирус алдаагүй дэлхий дээр үлдсэн цорын ганц улс” гэх тодотголоор бахархан сурталчилж байгаа ч гэртээ харихыг хүссэн хүмүүст энэ нь "иргэнийхээ эрхийг зөрчиж, хувиа хичээхийн сонгодог жишээг үзүүлэгч ганцхан улс” гэж уншигдана. "Хаягдагсад” халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр барьж, эзгүй хээр цэргийн майханд ч байсан тусгаарлалтын хоногоо дуустал хянуулахаа амлаад буй. Хилээ нээж, гаднын нислэгийг авах хэсэгхэн орон зай гаргаад өгвөл улс дамжин "гүйсээр” эх нутагтаа ирэхийг хүсэж байна. Өчигдрийн УОК-ын хуралдаанаас гарах шийдвэр сүүлчийн найдвар нь болсон олон хүн манай редакцид хандсаар байна. Гадаадад байгаа иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэлд ороод байгааг харгалзан үзэж, тусгай үүргийн нислэгийн тоогоо нэмэх болов уу гэсэн горьдлого тэдэнд бий. Мөн тодорхой хэсэг нь гэртээ үлдсэн 0-12 насны хүүхдүүдээ орхиж ирсэн ээжүүдийг УОК-оос тавьсан таван шаардлагад багтаах хүсэлт тавиад буй. Харамсалтай нь өнгөрсөн хурлаар эдгээр асуудлыг авч хэлэлцсэнгүй. Иргэдээ хамгаалах зорилгоор 213.7 тэрбумыг зарцуулсан тайланг сонсоод, сонгуулиар ажиллах түр журмыг боловсруулахаар чаддагаараа хаалгаа түгжиж авсан юм. Уг нь Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхний нөхцөл байдлыг сонсож, бүхий л өргөдөл, гомдлыг УОК-ын хуралдаанд холбогдох хүмүүст уламжлахаа амласан ч талаар боллоо. Гадаадад гацсан иргэд, тэдний ар гэрийнхэн нийлж тэмцээд ч уулзах мөчөө урагшлуулж чадсангүй. Буурай эдийн засагтай, дэд бүтэц хөгжөөгүй, ядуу улсын иргэн байж болно. Гэвч нэг ч гэсэн иргэнийхээ үнэ цэнийг ухамсарладаг, хүний эрхийг дээдэлдэг Үндсэн хуульдаа заасанчлан хүмүүнлэг ардчилсан нийгмийн үнэт зүйлийг ойлгодог эрх баригчидтай сан бол гомдол цөхрөл харьцангуй нимгэрэхсэн. 

Э.Батцэцэг
Засгийн газрын мэдээ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх