- Хөлгийн үлдэгдлийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон ЮНЕСКО-гийн зохицуулалт бий
Виржини муж улсын холбооны шүүх живсэн хөлгийн "дуу хоолой” гэгддэг Марконигийн утасгүй холбооны төхөөрөмжийг гаргаж авах зорилгоор уг зөвшөөрлийг RMS Titanic Inc-д тавдугаар сарын 18-нд олгосныг Washington Post мэдээлэв. Тэртээх 1912 оны дө-рөв дүгээр сард "Титаник” живэх үед хөлгийн ахлах холбоочин Жек Филипс уг радио холбооны төхөөрөмжөөр ослын дуудлага дамжуулсан түүхтэй. Ослын мэдээг "Карпатиа” хөлөг онгоц хүлээж авсны ачаар "Титаник”-ийн зорчигч, хөлгийн багийнхан нийлсэн 2,208 хүнээс 700 орчмыг нь аварч чаджээ. Бүр хожим 1985 онд Нью-фаунлендээс өмнө зүгт Атлантын далайн 4.6 километрийн гүнээс "Титаник”-ийн хоёр хэсэг болсон үлдэгдлийг олж илрүүлжээ. "Титаник живэх үед тусламж хүссэн дуудлага явуулсан Марконигийн холбооны төхөөрөмж нь түүхийн, хүмүүжлийн, шинжлэх ухаан, соёлын үнэ цэнтэй өв” болохыг Виржин муж улсын Норфолкийн далай тэнгисийн хэрэг эрхэлсэн шүүгч Ребекка Бич Смит тайлбарлав.
Хөлөг онгоцны холбооны өрөөнд нэвтрэх үүднээс хэрчих ажиллагааг RMS Titanic Inc "үнэмлэхүй бага байхаар” тооцоолж гүйцэтгэх юм. RMS Titanic Inc нь "Титаник”-ийн үлдэгдлээс түүхэн дурсгалтт зүйлсийг усны мандалд гаргах онцгой эрх бүхий цор ганц компани. Тус компани 1994 оноос хойш нийт 5,000 орчим дурсгалт зүйлсийг далайн гүнээс гаргаж ирээд байна. RMS Titanic Inc автомат жолоодлоготой шумбагч төхөөрөмж ашиглан живсэн хөлгийн тавцангийн задгай дээвэртэй хэсгээр дамжиж радио холбооны өрөөнд нэвтрэхийг оролдоно. Оролдлого бүтэлгүйтэх аваас шумбагч хэрэгсэл живсэн хөлөгт нэвтрэх орц хэрчиж гарган холбооны өрөөнд нэвтэрч, Марконигийн телеграф төхөөрөмжийг салгаж авах юм. Живсэн хөлгийг хэрчих, хэсэглэхийг АНУ-ын Далай, тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газар (NOAA) эрс эсэргүүцэж байна. RMS Titanic Inc-ийн төлөвлөгөө нь энэ оны эхээр АНУ, Их Британийн хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн тус байгууллага үзэв. Хөлгийн үлдэгдлийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглож, байгаа хэвээр нь үлдээхийг уриалсан ЮНЕСКО-гийн зохицуулалтын дагуу уг хэлэлцээрийг байгуулжээ.