ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүний заяагдмал эрхийн хэмжээнд авч үздэг. Заяагдмал эрх гэдэг нь хүнийг энэ хорвоод төрөхөд хуульчлахгүйгээр үүсдэг үндсэн эрхүүдийг хэлдэг. Гэтэл дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиар хэдэн улс төрчид хоорондоо талцаад зогсохгүй Үндсэн хуулиар олгогдсон хүний заяагдмал эрхүүдийг ноцтой зөрчдөг байдал хэдийнэ газар аваад удлаа. Өнөөдөр Монгол улсад хүний эрх, шударга ёсыг уландаа гишгэлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, улс төрчдөд тааруулан захиалгатайгаар үйлчилж буй ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригтын талаар баримттайгаар өгүүлье.
2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг монголын ард түмэн хэзээ ч мартахгүй билээ. Учир нь, тэр үеийн будлиантай өрнөсөн УИХ-ын сонгуулийн дүнг ард иргэд эсэргүүцэн гудамжинд гарч жагсаал цуглаан хийсэн нь улмаар олон нийтийн үймээн самуунаар үргэлжилж, цаашлаад Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудын харгайгаар цагдаа нар жирийн иргэдийнхээ өөдөөс галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан иргэн шархдаж, тус үймээнд оролцсон залуусын шүүх хуралдаан нэг жилийн дотор болж 275 хүн ял сонссон эмгэнэлт хэрэг болсон билээ. Хэдхэн тооны улс төрчдийн увайгүй хандлагаас эхлэлтэй дээрх үйл явдал ухвар мөчид үйлдэлтэй цагдаагийн удирдлагуудын буруутай алхмаас болж ийнхүү монгол хүмүүсийн алтан амь хэрхэн үрэгдсэнийг бид бүхний ой санамжаас хараахан арилаагүй байна. Баянзүрх дүүргийн шүүхээс Долдугаар сарын 1-ний” гэх хэрэгт ял шийтгүүлсэн Цагдаагийн нэр бүхий албан тушаалтнуудын дунд Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга асан, хурандаа О.Зоригтын нэр олонтаа дуулдаж байв. Тэрээр хорих ялаа ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр ангид эдэлж байсан бөгөөд түүнийг хугацаанаас нь найман сарын өмнө тэнсэн суллах шийдвэр гарч суллагдаж байсныг тухайн үеийн сонин хэвлэлийн хуудас болон сайтуудаас хайхад олон тооны илэрц гарч ирнэ. Хэргийг сануулахад, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт, ЭХГ-ын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт ҮАБЗ-ийн 2008 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаас Нийтийн эмх замбараагүй байдлын улмаас үүссэн жагсаалыг тараахдаа галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдал би болгож болохгүй” гэсэн үүрэг өгч байхад дээрх нэр бүхий цагдаагийн өндөр албан тушаалтнууд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хайнга хандсаны улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөвтөр гэмтсэн хэрэгт тэднийг буруутгаж, шүүхээс ял шийтгэл оногдуулсан билээ. Энэ бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг будлиантуулснаас үүдэлтэй иргэдийн сонгох эрхэнд халдсан гэж монголын ард түмэн эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэн гудамжинд гарч жагссан томоохон жагсаал байв.
Гэтэл хувь заяаны тохуурхал гэлтэй 12 жилийн дараа шүүхээс гэмт хэрэг үйлдэж, ял сонссон О.Зоригт гэх этгээд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа болчихсон гэдгийг жирийн иргэд төдийлэн сайн мэдэхгүй яваад хэргийн учир зангилаа оршино. 2020 он УИХ-ын сонгуультай жил таарсныг хэлэх үү, олон жил нуугдмал байсан бугшмал мэдээ мэдээллүүд эхнээсээ задраад эхэлсний тод жишээ энэ. Үндсэн хуульд зааснаар хүний сонгох, сонгогдох заяагдмал эрхийн хүрээнд жишээлбэл, Монгол Улсын иргэн 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тохиолдолд УИХ-д нэр дэвших нь зүй ёсны асуудал хэвээр байсаар ирсэн ч сүүлийн 30 гаруй жилийн дотор МАН болон АН-ын хэдэн тооны улс төрчдийн өс хонзогнолын харгайгаар хүний зарим үндсэн эрхүүдэд хязгаарлалт хийж, балмад аашилж байгааг хуульчид, эрдэмтэн судлаачид болон ард иргэд ихээр буруушааж байгааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс бишгүйдээ л харж байна. Бас сонсож сууна. Шүүх, цагдаа, хүчний байгууллагуудын төрд тангараг өргөсөн албан хаагчид хүртэл энэхүү хуйвалдаанд гар дүрэн оролцож, улс төрчдийн нэг нэгнээ намнах увайгүй хандлагыг өөгшүүлж, гар бие оролцдог болсоор чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ бугшмал, шударга бус байдлыг хэдий болтол тэсэн тэвчиж, ард иргэд эрх чөлөө, шударга ёсоор ангаж цангаж явах ёстой юм болоо. Энэ бүх асуудалд цэг тавих эцсийн алхам бол 2020 оны УИХ-ын сонгууль гэж олон нийт ярьж байгаа ч үнэн чанартаа одоогийн засгийн эрхэнд байгаа хэсэг бүлэглэл өөрсдийнх нь нуугдмал, хууль бус үйлдлийг ил гаргаж тавих хувь хүн, нам эвслээс өөрийн эрхгүй халгаж байгааг дээрх Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болох авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвших боломжийг хязгаарласан явдлыг нэрлэж болно. Гэтэл хүний алтан аминд хүрч, эрүүгийн болон бусад гэмт хэрэгт холбогдсон бусад хүмүүс ичих нүүргүйгээр УИХ-д нэр дэвшиж, ахин дахин сонгогдох гэж улайрч байгааг юу гэж ойлгох билээ. Саяхан тавдугаар сард болж өнгөрсөн Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэцийн гишүүд хүртэл мэргэжлийн хуульч, мэргэшсэн хүмүүс томилогддоггүйгээс болж, улс төрчдийн захиалгаар зөөлөн сэнтийд суусан хэсэг бүлэг хүмүүс хүртэл шийдвэр гаргахдаа өдгөө эрх барьж буй улс төрчдийн сэтгэл санаанд тааруулан тогтоол шийдвэр гаргаж, Үндсэн хуульд заасан заяагдмал эрхүүдийг зөрчсөн шийдвэр гаргасаар байгаатай хэдий болтол эвлэрэн бас хүлцэнгүй суух вэ? Дээрх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй”-н үгээр төрийн толгойд гараад суучихсан хэсэг бүлэглэл, нам эвслийн хэдэн шуналтай улс төрчдийн балгаар өдгөө жирийн ард иргэд өр ширэнд баригдаж, зээлэнд дарлуулж, ажилгүйн улмаас ихэнх нь өрхийн орлогогүй болж, амьжиргааны түвшин илт дордож байгаа нь бодит үнэн билээ. Гуравхан сая иргэнийг амар жимэр амьдруулчихаж чадахгүй, төрийн уламжлалт нэгдсэн бодлого байхгүй, хэн нэгнийхээ араас жил дараалан өс зангидаж суудаг, төрийн залгамж халаагүй болчихсон өнөөгийн Монголын хувь заяаг бид хэнд итгэж найдаж, төрийн алтан жолоог атгуулахаар ЗӨВ СОНГОЛТ хийх нь цаг хугацааны асуудал болон үлдлээ. Нэг хүний биш, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах хүсэл сонирхол лав л Цагдаагийн байгууллагын өнөөгийн удирдлагуудад алга гэдэг нь шүүхээс ял шийтгүүлсэн, хурандаа О.Зоригт гэгчийг төрийн чухал мэдээллийн санг удирдуулахаар тохоон томилсон явдлыг шууд нэрлэж болно.
Ер нь Цагдаагийн байгууллагад шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял шийтгүүлсэн этгээд ажиллах эрх зүйн үндэс хэр байдаг талаар эрхэм уншигч танд тайлбарлавал бүх зүйл тодорхой болно. Гол асуудал руугаа эргэн орьё.
Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд Цагдаагийн албан тушаалд тавигдах хэд хэдэн шаардлага байдгийг хуульчилж өгсөн нь бий. Тухайлбал, Цагдаагийн тухай хуулийн 66.2-т Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, нас, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн болон бусад тусгайлсан шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно” гэж хараар цагаан дээр маш тодорхой заачихсан байдгийг уншигч та бүхэн хуулийн нэгдсэн портал сайт www.legalinfo.mn-ээс харж болно.
Энэ бол Цагдаагийн албан хаагчдаас гадна шүүх, прокурор зэрэг хуулийн байгууллагад алба хашдаг эрх бүхий хүмүүсийн хувьд зайлшгүй №1 шалгуур үзүүлэлт мөн үү? гэвэл мөн. Гэтэл 2008 оны сонгуулийн үеэр өрнөсөн Долдугаар сарын 1-ний” гэх үймээний үеэр ард түмнийхээ эсрэг ГАЛТ ЗЭВСЭГ хэрэглэж, гэмт хэрэг үйлдчихсэн нь шүүхээр тогтоогдож, ял сонссон цагдаагийн хурандаа О.Зоригт гэгч ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд яаж яваад шургалчихсан байдаг вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдах нь дамжиггүй. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба нь ямар чиг үүрэгтэй ажилладаг талаар Цагдаагийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-ээс 61.1.21 хүртэл маш тодорхой заасан байдаг аж. Иргэн та бидний талаарх маш их мэдээлэл энэ Цагдаагийн нэгдсэн санд төвлөрдөг гэдгийг шуудхан хэлчихэд буруутахгүй. Тус мэдээллийн нэгдсэн санд Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй иргэн бүрийн ерөнхий мэдээлэл болон гэмт хэрэгт сэжиглэгдсэн, эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаадсан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялыг хойшлуулсан, өршөөл уучлалд хамрагдсан хүний талаар, жолоодох эрхийн үнэмлэх авсан, тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигчийн болон тээврийн хэрэгслийн татвар, даатгал оношилгооны талаарх мэдээллээс гадна гарын хээ, сум, хонгио, генетикийн мэдээлэл гэх мэт ИРГЭН МИНИЙ БОЛОН ТАНЫ маш чухал мэдээллүүд нэг дор хадгалагддаг гэдгийг дахин нэг сануулчихъя.
Сүүлийн 30-аад жилийн дотор ард түмнийг ийнхүү басамжлан доромжилж, дорд үздэг байдал арилахгүй бат бөх оршсоор байгаагийн хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ? Ийм чухал албан тушаалд сууж буй О.Зоригт гэгч эрхэм өөрөө хүний эрхийг дээд зэргээр зөрчиж, шүүхээс ял сонссон атлаа юуны учир УИХ-д нэр дэвших хүмүүсийн эрхийг хязгаарлаж, Цагдаагийн нэгдсэн сангаас тухайн нэр бүхий иргэний мэдээллийг үнэн зөв, бодитоор гаргаж ирэхгүй цаг хожиж байгааг юу гэж ойлгох вэ? Хэний захиалгаар гэдэг нь хүн бүхэнд бараг илэрхий харагдахаар дүр зураг харагдаж байна. Дээрх ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргыг хэн шууд томилох эрх бүхий санкц байгааг олж харцгаая. Мэдээж ХЗДХ-ийн сайдын тушаалаар ЦЕГ-ын дарга томилдог гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл ЦЕГ нь өөрийнхөө баг бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг Цагдаагийн маш том мэдээллийн салбарт аваачаад шууд тавьчихаж байгаа нь өөрөө өнөөдөр асуудал дагуулсан хэрэг болов.
Сонгуулийн тухай хуулиар УИХ-д нэр дэвшигчид ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Нэгдсэн сангаас ял шийтгэлгүйд тооцох хугацаа, ял шийтгэлтэй эсэх талаарх мэдээлэл авахаар хүсэлт өгдөг жишиг бий. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүст дээрх мэдээллийг гаргаж өгөхөд саад учруулж, цаг хугацаа хожих гэсэн увайгүй алхмыг хийж буй хүн бол цагдаагийн хурандаа О.Зоригт ажээ. Энэ О.Зоригт гэгч цагдаагийн хурандаа ямар учраас, хэний захиас даалгавраар ийнхүү зайлшгүй шүүхээс гаргасан шийдвэр тогтоолыг үндэслэн ЦЕГ-ын нэгдсэн мэдээллийн санд зайлшгүй орох ёстой мэдээллийг санаатайгаар дутуу оруулж, албан хүсэлтийн хариуг цаг тухай бүрд нь гаргаж өгөхгүй татгалзаж байгааг анхаарч судалж үзэхэд иргэн бидний тухай А, Б-гүй байдаг” мэдээллийн санг удирддаг хүн нь өөрөө гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял сонссон этгээд Цагдаагийн байгууллагын чухал орон тоон дээр эрх бүхий албан тушаалд суучихсан байгааг юу гэж ойлгох вэ? Хэдий болтол ийм ёс зүйгүй үйлдлийг ард иргэд бид тэвчин амьдрах ёстой юм болоо? Мэргэжлийн ёс зүйд нь хуулиар тодорхой заагаад өгчихсөн хууль хяналтын байгууллагын албан хаагчдад зүй ёсоор тавигддаг өндөр шалгуур үзүүлэлт яаж яваад энэ цагдаагийн хурандаа О.Зоригтын өмнө монгол төрийн босго ийнхүү намссан учрыг нэн даруй олж тогтоохыг бид шаардах эрхтэй.
Ийм чухал ЦЕГ-ын мэдээлэл дээр ял шийтгүүлсэн, шоронжсон сэтгэлгээтэй, хүний захиалгыг аваад сурчихсан О.Зоригт мэтийн нөхдийг зориудаар тавьж байгаа нь улс төрчдийг намнаад зогсохгүй эцсийн эцэст ард түмний сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгосон заяагдмал эрхийг ийнхүү зөрчиж, дам утгаараа хясан боож байгаагийн нэг томоохон илрэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тухайн үеийн үймээн самууны үеэр гарсан цагдаа, хүчний байгууллагын зүгээс ард иргэдийнхээ зүг галт зэвсэг хэрэглэсэн хууль бус үйлдлийг илт буруушааж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж хоцорчээ. Гэтэл тухайн Долдугаар сарын 1-ний хэрэг”-ээс болж, шүүхээс ял шийтгүүлсэн, тухайн үеийн НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт 2020 оны УИХ-ын сонгууль МАХН-аас нэр дэвших гэж буй Н.Энхбаярын албан бичгийн хариуг өгөхгүй удаашруулж, улс төрчдийн захиалгат ажлыг ийнхүү сайн дураар маш сайн гүйцэтгэж байгааг анхаарах цаг иржээ. Цагдаагийн хурандаа О.Зоригтыг өөрийн үүрэгт ажлаа хууль дүрмийн дагуу хийж чадахгүй байгааг баримттайгаар дурдъя.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригтоос ирүүлсэн 2020.05.15-ны өдрийн №8/1591 тоот хариу албан бичигт: ...Тус албаны ял шийтгэлийн мэдээллийн санд иргэн Н.Энхбаярт холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн, оногдуулсан ялыг өршөөн хэтрүүлсэн шийдвэрийг хэрэгсэхүй болгосон тухай шүүхийн шийдвэр байхгүй байна” гэжээ.
Гэтэл үнэн хэрэгтээ ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас гаргаж өгдөг Ял шийтгэлийн тухай тэмдэглэлд Улсын дээд шүүхийн гаргасан албан ёсны тогтоол шийдвэрийг ном ёсоор нь бичилт хийгээгүй явдал нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх үүрэг даалгавар авч, түүнийгээ гүйцэлдүүлэхээр илт улайрч, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг илт зөрчиж байгаа нь илэрхий байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл /бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-ийн 150.3, 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолоор Н.Энхбаярт холбогдох албан тушаалын үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150,3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тоооцож тогтоол гаргасан байдаг. Шүүх албан тушаалын хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо ... нэмэлт нотлох баримт цуглуулж бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтан яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлийг тогтоолд дурдаж бичигдсэн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол нь хэнд ч ойлгомжтой бичигдсэн учраас шүүхээс тогтоолыг дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж албан тоот ирүүлснээс дүгнэвэл энэ цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь хуулиар олгосон эрх үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй хандаж хүнийг хохироосон нь илэрхий байна. Ийм мэргэжлийн ур чадваргүй, ард олныг ойлгох сэтгэлгүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг, албан тушаалдаа хэт аархсан ёс зүйгүй ийм этгээд Цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалд хашиж байгаа нь энэ нийгмийн ялзралын тод илрэл юм.
Хууль хяналтын байгууллагад бугшсан энэ мэт гэмт хэргийн шинжтэй, ард олныг тохуурхсан, хууль дүрмээ чандлан сахьдаггүй Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас - ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргын албан тушаалд урьд өмнө шүүхээс ял шийтгүүлсэн цагдаагийн хурандаа О.Зоригтыг хэн энэ чухал албан тушаалд томилж, Цагдаагийн тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж зүрхэлсэн бэ?” гэдэг асуултыг асууж энэ бичвэрээ өндөрлөе.
Албан ёсны хариуг нэн даруй өгөхийг шаардсаар байх болно гэдгийг бас давхар сануулчихъя.
Э.Нацагдарь
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин