УИХ-ын сонгууль дөхөх тусам намуудын хагарал, дотоод тэмцэл ширүүссээр. Тэр хэрээрээ булхайгаа дэлгэлцэж, идээ бээрээ шахалцах болов.
Саяхан АН-ын ҮБХ-ны хурлын аудио бичлэг задарчээ. Тухайн аудио бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэрүүлээс гадна нэр дэвшигчдийн дэнчин тушаах 1, 2 дугаар шатны гэрээний мэдээлэл дэлгэгджээ. Ардчилсан нам сонгуульд горилогчидтойгоо хоёр дахь шатны гэрээ хийсэн байна.
Тухайн бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ "100 сая төгрөгийн 1, 2 дугаар шатны гэрээ”-ний заалтуудыг уншиж байгаагаар:
- Шалгуурт оролцох боломжгүй болсон сонгуульт гишүүний үзэл бодол итгэл үнэмшлийг хүндэтгэн татвар болон хандив төлөлт намын гишүүний үүргийг нь манлайлал гүйцэтгэлд хамруулан тооцно.
- 5.4-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгуульт гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 10 хувийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн аймаг, дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлсэн байна.
- 5.5-т Сонгуульт гишүүн энэ гэрээний 5.4-т заасны дагуу шилжүүсэн татварын талаарх мэдээлийг Ардчилсан намын санхүү бүртгэлийн хэлтэстээ мэдэгдэж баталгаажуулна.
- 5.6-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгууль гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 20 хувийг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор, мөн 20 хувийг 2020 оны тавдугаар сарын 10-ний дотор тухайн аймаг дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлнэ.
- 5.7 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасан хуваарийн дагуу төвлөрүүлж татварын зарцуулалт , зардал тус бүрээр хяналт тавьж ажиллана
- 5.8 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгийг бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт энэ гэрээний 5.2.1-ээс 5.8-д заасан зориулалтын дагуу зарцуулна.
- 5.11 энэ гэрээнд заасны дагуу бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан татварыг буцаан олгохгүй
гэх мэт найман заалт бүхий гэрээ байгуулжээ.
-ГЭРЭЭГЭЭР НЭГ ГОРИЛОГЧ 200-400 САЯ ТӨГРӨГ ТУШААХ НЬ ҮНЭН-
Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 саяас гадна дахин 250-300 орчим сая төгрөгийн дэнчин нэхсэн нь ҮНЭН, ХУДАЛ гэдэг талцлыг үүсгээд байв. Тэгвэл дээрх гэрээгээр ҮНЭН гэдэг рүү илүү ойрхон дөхөж очиж байна. Гишүүдээсээ нэр дэвших тойргоос нь хамаараад 200-400 сая төгрөгийн дэнчин авах аж.
Бүр тодруулбал, Архангайн тойрогт нэг нэр дэвшигчээс 410 сая төгрөгийг зарцуулна гэж бодъё. Ардчилсан намын гэрээгээр эл тойрогт горилогч нэг гишүүн "орон нутагт зарцуулах зардлын татвар буюу дээрх 410 сая төгрөгийн 10 хувь болох 41 сая төгрөг”-ийг эхний ээлжинд тушаана. Ахиад 20 хувийг буюу 81 саяыг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор, мөн 20 хувь болох 81 саяыг 2020 оны тавдугаар сарын 10-ний дотор тухайн аймаг дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлнэ. Ингээд Архангайн тойрогт горилогч АН-ын гишүүн бүр байгуулсан гэрээгээрээ 203 сая төгрөгийг намдаа тушаах юм байна.
Баянгол дүүргийн тойрогт нэр дэвшигч хамгийн өндөр буюу 775 сая төгрөг зарцуулна. АН-аас нэр дэвшигч нь /77.5сая+155сая+155сая=387.5сая/ буюу бараг 400 сая төгрөг намдаа тушаах нь ээ.
Хамгийн ноцтой нь, энэ мөнгийг тойрог нь тодорхой болсон 76 хүнээс нэхээгүй. Нэр дэвшихээр горилж, 100 сая төгрөг тушаасан бүх хүнээс нэхсэн. Хэвлэлд ил болсноор 180 орчим хүн нэр дэвшихээр 100 сая төгрөгөөр тушаасан. Эдгээр хүмүүсээс нэмж 250-400 орчим сая төгрөг нэхсэн үг. Бүгд үгэнд нь ороод өгвөл, АН-д 54 тэрбум орчим төгрөг төвлөрөх /300 саяар тооцоолов/ тооцоо гарч буй.
УИХ-д нэр дэвшигч сонгуульдаа хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг тойрог бүрээр нь доорх хүснэгтээс тодорхой харж болно. Мөн аль тойрогт нэр дэвшигчээс АН хичнээн төгрөг нэхэж байгааг 10, 20, 20 хувиа тушаах гэрээний заалтаар нь дээрх хоёр аймгийн аргачлалаар бодвол тодорхой харагдах аж.
–181 ГОРИЛОГЧ НЭМЖ 250-400 САЯЫГ ТУШААХАД 54 ТЭРБУМ НАМД ТӨВЛӨРНӨ
Мөн 100 сая төгрөгийн хандив өгсөн 181 хүн байгаа гэж "Хера”-гийн Х.Ганхуяг мэдэгдсэн. Түүний энэ 181 гэх тоон мэдээлэл үндэслэлгүй, бодит тоо биш байж болох. Бодит тоог Ардчилсан намын дарга С.Эрдэнэ л мэдэж байгаа. Хичнээн хүн сонгуульд нэр дэвшихээр АН-д 100 саяын дэнчин өгөөд байгааг зарлахыг намын гишүүд нь удаа дараа шаардсаар буй.
Х.Ганхуягийн хэвлэлд задалсан тоо 181*100 саяыг үржихэд 18.1 тэрбум гарна. Үүн дээр 181 хүнээсээс 250-400 сая төгрөг нэмж нэхсэн гэж тооцвол дээр бичсэнчлэн дор хаяж 54 тэрбум нэмж цугларахаар байна.
Энэ их мөнгө сонгуулийн анхан шатанд зарцуулагдах уу гэдэг нь ч тодорхой бус. Өмнө нь тушаасан 100 саяын дэнчингүүд хаачив?
–ДЭНЧИНГИЙГ 100 САЯЫГ ХАДГАЛАМЖИД ХИЙЖ ХҮҮГИЙН ӨГӨӨЖ ХҮРТСЭН ҮҮ–
Дээрх асуултыг олон гишүүд нь асууцгааж буй. Мөн дээрх бичлэгт дурдагдсанаар С.Эрдэнэ дарга банк бус санхүүгийн байгууллагад өндөр хүүтэй хадгалуулсан уу. Хадгалуулсан бол хэдэн хувийн хүүгийн өгөөж хүртсэн байх вэ. Энэ нь хэр их мөнгө бэ зэргээр асуултууд хөвөрнө.
Дэнчингийн эхний 100 сая болох 7.6 тэрбум төгрөгийг жилийн хамгийг өндөр буюу 16 хувийн хүүтэй хадгаламжид хийлээ гэж бодоход сарын өгөөж нь асар өндөр юм.
–ДЭНЧИНГИЙН МӨНГӨ АН-ЫГ ЧӨДӨРЛӨХ НЬ-
АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүдээс 100 сая төгрөгийн дэнчин нэхэхдээ байдаг л асуудал гэх тайлбарыг хийсэн. Түүнчлэн бизнесийн бүлгүүд, мөнгөтэй хүмүүсээс намаа хараат байлгах үүднээс нэр дэвшихээр горилогчдоосоо 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авч байгаа гэж намын нөхөд нь өөрсдийгөө хаацайлж буй.
Улс төрийн аль ч нам, тэр тусмаа Монголын ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-ын ардчиллаас ухарсан, үнэт зүйлсийг нь уландаа гишгэсэн, эрүүл бус арга, хандлагыг ийнхүү УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө гаргаад байгаа нь туйлын харамсалтай. Дэнчингийн мөнгө нь цаашлаад АН-ыг чөдөрлөх нь.