Баруун Германд Лениний анхны хөшөө босохоор болжээ

  • 0
  • 82
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Удаан хугацаанд үргэлжилсэн шүүхийн маргааны дараа Германы Гелзенкирхен хотод Оросын хувьсгалын удирдагч Владимир Лениний хөшөөг босгохоор болжээ. Улсынхаа аж үйлдвэрийн төв байсан газар нутагт оршдог энэ хотод хөшөө босвол Баруун Герман дахь анхны тохиолдол болох юм. Хуучин социалист системд багтаж байсан Зүүн Германд ийм хөшөө дурсгал олон байдаг. 

Германы Марксист-Ленинист нам төв байрныхаа үүдэнд Лениний хөшөөг босгохоор төлөвлөж байсныг Гелзенкирхен хотын захиргаа эсэргүүцсэнээр шүүхийн маргаан эхэлсэн юм. Харин өчигдөр гарсан шүүхийн шийдвэрээр Марксистууд хөшөөгөө босгох эрхтэй болсон байна. Хотын захиргаа Ленинийг харгислал, хүчирхийлэл, дарлалын бэлэгдэл гэж үзээд хөшөөг нь босгохыг эсэргүүцэж байв. Харин Марксист-Ленинист нам ажилчдын хот Гелзенкирхенд энэ хөшөөг босгох нь тохиромжтой зүйл гэж тайлбарлаж байжээ. Марксистууд өчигдөр ялалтаа тэмдэглэж, хотын захиргаа шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжоо судалж эхэлсэн байна. 

Лениний хөшөөг түүний мэндэлсний 150 жилийн ойг үгтуулан ойрын үед босгохоор төлөвлөжээ. Владимир Ленин дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлсэн юм. 1930-аад онд Зөвлөлт Холбоот Улсад бүтээсэн 2.15 метр өндөр металл хөшөөг Марксист-Ленинист намынхан Чехийн нэг хотоос онлайн дуудлага худалдаагаар авч байжээ. Хөшөөнд хэр хэмжээний мөнгө төлсөн нь тодорхойгүй байна. 1982 онд байгуулагдсан энэ нам экстремист бодлого явуулж болзошгүй гэсэн үндэслэлээр Германы тагнуулын байгууллагын хяналтад байдаг.

Р.Төмөр 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх