ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр шуурхай хурлыг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа, Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах оролцож мэдээлэл өгөв. Энэ үеэр БНХАУ-д халдварын тархалт буурч байгааг онцлоод, бусад оронд халдварын тархалт өссөн дүнтэй байгаа учраас албан газар, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд сахих хувийн ариун цэвэр, COVID-19 коронавирусын халдварын эсрэг зөвлөгөө зөвлөмжийг сайн дагахыг анхааруулав. Одоогоор дэлхийн 76 оронд халдвар бүртгэгдээд байна. Дэлхийн олон оронд халдвар эрчимтэй тархаж буй учраас Польш улс халдварын тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Мөн Европ, Арабын нэгдсэн улсууд тэврэлдэх, гар барихгүй байх зэргээр мэндчилгээний хэлбэрийг өөрчлөхийг уриалж байна. Ийм эрсдэлтэй орчин нөхцөлд хүнтэй нэг метрийн зайнаас харилцах мөн албан тасалгаанд хоорондоо нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв.
ДЭМБ: вирусын эсрэг вакцин гараагүй байна
Дэлхийн улс орнуудад өвчлөл ямар байгааг Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцуулсан юм. Тэрээр халдвартай хүний тоо 90870-д хүрч, 3 112 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт Йордан, Марокко, Португал гэсэн найман улсад COVID-19 халдвар нэмж бүртгэгдсэн. БНХАУ-д тус халдварын тохиолдлын тоо буурч байгаа. БНХАУ-аас гадна Итали, Иран, БНСУ-д COVID-19 халдварын 80 хувь бүртгэгдэж голомт болоод байна.
Энэ шинэ коронавирусын халдварын тархалт нь томуугийн өвчний цар тахлаас илүү хүнд хэлбэрээр тархаж байна. Тухайлбал, Иран, БНСУ, БНХАУ-д эрчимтэй тархаж байна. Одоогоор вирусын эсрэг вакцин гараагүй байна. Тиймээс дэлхий дахинд амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл, халат өмсгөл нүүрний хаалтын хомсдол үүсч болзошгүй байна.
Тиймээс ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргаад байна” гэв. Мөн АНУ-д коронавирусын халдвар нэмэгдсээр байна. Тус улсын 13 мужид халдварын тархалт гарсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Вашингтонд нас баралт ес болж нэмэгдээд байна. Өвчлөгсдийн дийлэнх нь халдвар тархсан улс орноор зорчсон иргэд байгааг эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлж байна гэж ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа мэдээлэв.
ЭМЯ: Улсын хэмжээнд 461 хүн ажиглалтад байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Засгийн газрын хуралдаанаар бид гадаад, дотоод дахь цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл шуурхай мэдээлж ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-ын Германаас ирсэн зөвлөх баг ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, зарим өрхийн эмнэлэгт ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна. ОХУ-аас туршлага солилцох, тус улсын эмчилгээ оношилгооны шинэ арга барилаас суралцах, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, эрчимт эмчилгээний эмч нар, тандалт судалгааны багийнхан явах юм.
Түүнчлэн эрсдэлт бүлэгт хамрагдаж буй жирэмсэн, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн судалгааг гаргаж, тэдэнд чиглэсэн тусгай зөвлөгөө зөвлөмж бэлтгэн хүргүүлж байна.
Мөн Туркийн онгоцоор ДЭМБ-аас нийлүүлж буй эмнэлгийн хэрэгслийн ачааг хүлээж авна. Нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл халдварын сэжигтэй 840 тохиолдлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна. Өчигдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 138 иргэн ирсэн. Гурван иргэнийг бид ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч, тандалт судалгаа хийж байна” гэсэн юм.
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин