Д.Оюунхорол гишүүний нэр холбогдсон 1.9 тэрбумын хэргийг дахин прокурорт шилжүүлсэн үү

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх үедээ Гранд повер” ХХК-д давуу эрх олгож 1.9 тэрбум төгрөгийн тендерийн ажлыг хариуцуулж өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж буй талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан. 

Харин Д.Оюунхорол гишүүн уг мэдээллийг тэр дор нь эрс үгүйсгэсэн билээ. Тэгвэл уг хэрэг үнэн бөгөөд тэр бүү хэл АТГ уг хэргийг шалгаж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр ..... дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татах хүсэлтээ Прокурорт өгсөн гэх мэдээлэл дахин гарч эхэллээ. Түүх сөхвөл, Өмнө нь АТГ-аас уг хэргийг шалгаж, прокурорт шилжүүлж байсан ч хэрэгсэхгүй болгож байжээ.

Гэхдээ АТГ-аас дээрх хэргийг дахин сэргээн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, дээрх зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ дахин өгөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрвээ уг хэрэг одоо шалгагдаж шийдэгдвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгийн дагуу уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай аж.

Д.Оюунхорол гишүүн нь БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Гранд повер” ХХК-д давуу эрх олгон 1.965.000.000 төгрөгийн санхүүжилт олгохдоо Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох заалтыг санаатайгаар зөрчсөн гэх хардлага хууль хяналтын байгууллагуудад байгаа аж. Түүнийг Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваагийн хамтаар шалгаж байгаа гэх.

/

-ГРАНД ПОВЕР КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСӨЛ ҮР ДҮНГЭЭ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Гранд повер” ХХК нь Нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэж 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас авсан байна.

Гранд повер” ХХК-тай ажил гүйцэтгэлгийн гэрээг байгуулж, охин компани болон Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг.

Тус гэрээний гүйцэтгэлийг Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна. Гэвч уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу халаалтыг нэг ч удаа дамжуулаагүй аж. Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Тус үйлдвэрт өмнө нь ноцтой осол гарч хүн амиа нас алдахын зэрэгцээ, олон хүн бэртэж байсан юм.

/

-ТӨСЛИЙН АЛБАН ЁСНЫ  ТАНИЛЦУУЛГА-

Гранд повер” ХХК-ийн албан ёсны хуудаст уг төслийг танилцуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Нүүрсний хийн үйлдвэрээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгжийг хийн шугам хоолойгоор дамжуулан нүүрсний хийгээр хангана.

Нүүрсний хийн үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хос шатлалт нүүрс хийжүүлэгч зуухтай. Энэ хийжүүлэгч нь бүх төрлийн нүүрсэнд тохиромжтой, ачааллыг тохируулах хязгаар өндөртэй (40%), хийжүүлэлтийн бүтээмж дан шатлалт зуухнаас 5% илүү, бүтээгдэхүүний илчлэг нь 5800кЖ/м3-ээс өндөр, хийжүүлэх явцад фенолын хаягдал бага ялгаруулдаг зэрэг давуу талуудтай. Хийжүүлэгчийн төрөл нь хөдөлгөөнгүй үет агаар, уурын үлээлгэтэй холимог хий үйлдвэрлэдэг, усан цамцандаа уур үйлдвэрлэдэг, механик нүүрс өгөгч, үнс гаргах төхөөрөмжтэй.

Зуухыг БНХАУ-ын Шанси институтын патентаар үйлдвэрлэсэн болно. Энэ хийжүүлэх зуухыг нүүрсний холимог хийн зуух ч гэж нэрлэдэг. Нүүрсний хийн агуулга нь дунджаар дараах байдалтай байдаг. CO: 20 - 25%, H2: 9-14%, CH4: 1-4%, CO2: 5-10%, O2<0.8%

Уг үйлдвэр нь 1 иж бүрдэл хийжүүлэх зуух, тоос барих циклон, агаарын хөргөгч, 2 иж бүрдэл давирхай барих цахилгаан фильтр, 2 иж бүрдэл чийг баригч, 3000 м³ хий хадгалах савтай.

Нүүрсний хийн үйлдвэр дээр төслийн хүрээнд HDSR200 маркийн 35 кПа чадалтай хийн компрессор 2 иж бүрдлийг суурилуулсан. Мөн хэрэглэгчдийн аюулгүй ажиллагааг хангах хийн алдагдлыг мэдрэгч, автомат хаалт, хийн тоолуур, форсунка зэргийг нийлүүлж, хийн хангамжийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна” гэжээ. 

Бас нэгэн мэдээлэл хүргэхэд, Гранд повер” ХХК нь Дархан хотод сайжруулсан түлшний олон дамжлага бүхий томоохон үйлдвэр барьсан ч Цэвэр агаар сан татан буугдаж, татаасгүй болсон гэх үндэслэлээр хааж орхижээ. Тус үйлдвэр нь мөн одоо ажиллахгүй, зогсонги байдалд орсон талаар тус компанийн ажилтан бидэнд хэлсэн юм.

/

 

Т.Хулантахь

Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх