Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу

 

  • Айлчлалын дараа Монгол яллаа
  • Ердөө энэ айлчлалын дараагаас Монголын нүүрсийг авах асуудал цэгцэрч, энэ сарын 15-наас эхлэн Гашуунсухайтын боомтоор манайх нүүрсээ гаргаж эхлэхээр боллоо
  • Мань хүнийг ийм мундаг мэдрэмжтэй гэж яг үнэндээ бодож байсангүй. Энэ удаа бол үнэхээр Монгол яллаа

Күнзийн энэхүү сургаал үгийг Хятадын удирдагч ноён Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа зориуд онцлон, эш татаж хэлжээ. Яг үнэндээ энэ үгийг тэрбээр Монголын ард түмэнд хандаж хэлсэн гэвэл илүү зөв тодорхойлолт болох дог. Мөн тэрбээр "Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх Монголын зүйр үгээр давхар тодотгон баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл энэ нь Хятадын ард түмнээс бидэнд талархсан талархал юм. Юун баяр талархлын тухай бичээд унав аа гэж үү! Тийм ээ, халдварт тахал коронавирусээс болж Хятад улс, хятад хүнээс дэлхийн ихэнх улс орнууд зай барих болов. Хятадын иргэдээс машид сэжиглэн болгоомжилж, зарим улс тэднийг хил хязгаартаа ч нэвтрүүлэхээ болиод байна. Тухайлбал, Тайландын ресторанууд үүдэндээ "Хятад хүнд үйлчлэхгүй” гэсэн бичиг хадсан байх жишээтэй. Энэ мэтээр Хятад гэсэн бүхэн тодорхой хэмжээгээр гадуурхагдан, хорио, цээр, хол бай, зай барь гэсэн утга илэрхийлж, улс орнууд зэнзийрхэж буй энэ цаг үед харин Монгол Улсын Ерөнхийлөгч Бээжинд жишим ч үгүй айлчлаад ирлээ дээ. Манайхны зарим нэг нь түүнийг эргүү, балай нөхөр, улс орондоо халдвар авчрах гээ юү...гэх мэтээр нэлээд хатуухан гөвж байна. Тэгвэл миний хувьд тэс ангид, харин ч Х.Баттулга Ерөнхийлөгч маш ухаалаг алхам хийлээ гэж хэлэх байна. Мань хүнийг ийм мундаг мэдрэмжтэй гэж яг үнэндээ бодож байсангүй. Энэ удаа бол үнэхээр МОНГОЛ ЯЛЛАА. Бодвол түүний энэ удаагийн айлчлал гадаад бодлогын дагуу төлөвлөсөн айлчлал лавтайяа биш байсан байх аа! Яагаад гэвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэрбээр БНХАУ-д төрийн айлчлал хийчихсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаад хоёр улсын Элчин сайдын яамны идэвхтэй оролцоо, зуучлалаар гялс зохицуулж, өмнөд хөршөөрөө орж дөрөө мултлаад ирсэн байх хэмээн таамаглаж байна. Шуудхан хэлэхэд манай Гадаад хэргийн яам сайн ажиллаж. Х.Баттулга Ерөнхийлөгчийн энэхүү гэнэтийн айлчлалын талаар өгүүлэхээсээ өмнө манай Монгол Улсын маш оновчтой дипломат бодлогуудын зарим нэг жишээ, баримтыг уншигч авхай нарт сануулах нь зөв байх гэж бодлоо. 1990 оны намар Саддам Хусей-ны тушаалаар Иракийн танкууд Кувейт руу цөмрөн орсноор Персийн булангийн дайн дэгдсэн билээ. Энэ үед дэлхийн 200 гаруй улс орнууд таг чиг болчихсон юмдаг. Ганцхан АНУ Кувейтыг өмгөөлөхөө мэдэгдэхтэй зэрэгцэн Монгол Улс Кувейттэй эв санаа нэг байна гэдгээ дэлхийд зарлан тунхагласан хоёр дахь улс болсон юм. Тухайн үед Зөвлөлт Оросын нөлөөнөөс гараагүй байсан Монголыг ингэнэ гэж хэн бодож чадах билээ. Оросууд хүртэл Монгол Улс ингэж чанга дуугаар байр сууриа илэрхийлэн мэдэгдсэний дараа хэсэгтээ "пааникт” орж байсан гэдэг. Ингэж бие даасан зоримог гадаад бодлого хэрэгжүүлснийхээ үр шимийг өдгөө ч бид хүртсээр л байгаа шүү дээ. Арабын баян орнууд гагц энэ үеэс эхлэн Монголыг анхаарч, маньд тусалж эхэлсэн байдаг нь үнэн түүх болой. Тэгвэл Ханшин-Аважигийн их газар хөдлөлт гэж нэрлэдэг хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн аймшигт газар хөдлөлтийн нэг 1995 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Японд болсон юм. Японы томоохон хотын нэг Кобе бүрэн сүйрснийг манайхан санаж байгаа байх. 7000 хүн амиа алдаж, 40 мянган хүн гэмтэж, 640 мянган байшин нурж, 370 мянган хүн орон гэргүй болоод байлаа. Энэ хэцүү үед картын бараа, үйлчилгээнээсээ дөнгөж салаад байсан ядуу, дорой Монгол Улс маань юу байна, түүгээрээ тусалъя хэмээн 100 мянган ширхэг ноолууран хөнжил онгоцонд ачаад Кобег зорьсон байдаг юм. Бидний энэ тусыг япончууд одоо хэр мартдаггүй болохыг миний бие хамгийн сайн мэдэх хүний нэг. Ташрамд дурдахад тухайн үед Японд тусламж хүргэж очсон гаднын бусад улсын төлөөлөгчид ёс юм шиг дайлуулж, цайлуулж, хариу бэлэг аваад буцаж байхад, цор ганцхан Монгол Улсын тусламжийн багийг ахалж очсон тухайн үеийн Шадар сайд Ч.Пүрэвдорж гуай "үгүй дээ, энэ хэцүү, хүнд үед дайлуулж цайлуулна гэдэг хүний ёсон биш” гээд ачаагаа буулгаад, буцаад шууд ниссэн гэдэг. Энэ түүхийг япон хүн огт мартдаггүй болохыг өөрийн чихээр олонтаа сонсож, тэрхүү цөлх ухаант төрийн хүнээр асар бахархаж явдаг болсон доо, би гэдэг хүн. Ноолууран хөнжлийн хариу өдгөө Япон улсаас яаж ирэх болсныг заавал энд нурших хэрэг алга. Монгол хүн бүр тэр цагаас хойш манай хоёр улсын харилцаа хэрхэн зузаарсныг мэдэх хойно илүүц хэрэг болох буюу. Өөр нэг түүх. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ террорист халдлагад өртсөн билээ. Дэлхийн худалдааны ихэр хоёр цамхаг дайралтад өртөж, түмний нүдэн дээр нуран уналаа. Мөнхүү Пентагон дайралтад өртлөө. Үнэхээр дэлхий тэр чигээрээ цочирдож, яах учраа олохоо байсан үед Монголын Засгийн газраас АНУ-тай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, олон улсын терроризмын эсрэг тэмцэлд нэгдэж байна гэдгээ чанга дуугаар мэдэгдсэн билээ. Тухайн үед эл мэдэгдлийг буруушаах хүмүүс бидэн дунд мэр сэр байсан уу гэвэл байсан юм шүү. Харин энэ бүхний дараа монгол цэрэг эрсийг олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах болсон нь түүхэн үнэн. Түүнээс гадна АНУ-аас манай улсад маш олон чиглэлээр тусламж, туслалцаагаа эрс нэмэгдүүлсэн юмдаг. Жишээ татахад л өнөөдөр Мянганы сорилын сангаас хэрэгжүүлдэг төслүүд эл оновчтой дипломат бодлогын шууд тусгал болсон байдаг. Ийнхүү хэд хэдэн жишээнээс харахад, хэрэв цагаа олсон зөв гадаад бодлого явуулбал ямар их үр ашиг болон эргэж ирдгийг та бидэнд сануулсаар бус уу. Эргээд Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлал руу оръё. Эрхмийг асар мэдрэмжтэй болохыг дээр дурдсан шүү дээ. БНХАУ-д коронавирусийн халдвар гарснаас хойш ямар нэгэн гадаад улсаас тус улсад төрийн тэргүүний хэмжээнд нэг ч айлчлалыг хийгээгүй байж. Хэд хэдэн улсын төрийн тэргүүний Хятадад хийх айлчлал цуцлагдсан байлаа. Гэтэл манай Ерөнхийлөгч л явж очлоо. Очоод хэлжээ. "Тэвдэж явахад тэвнийн тус ч тус”, " Зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэж хэлээд, 30 мянган хониор Монголын ард түмэн тусалж байгаагаа дуулгасанд Хятадын ард түмний сэтгэлийн чавхдас хөндөгдөв бололтой. Эл нийтлэлийг бичиж ахуйд Хятадын хамгийн том мэдээллийн сайт WEIBO-д гэхэд л 72 сая хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал, 30 мянган хонины тухай мэдээг уншсан байх аж. Сэтгэгдлүүдийг харвал монголчуудын энэхүү тусламж, сайхан сэтгэлд асар баярлаж талархан, Монгол Улс, монгол түмэнд эрүүл энх, элбэг баян байхыг ерөөсөн ерөөлөөр тэр чигээрээ дүүрчээ. Ерөнхийлөгч маань ийм л зүйлийг хийсэн байна шүү дээ. "Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээн Ши Жиньпин дарга зүгээр ч нэг хэлээгүй буй за. Ердөө энэ айлчлалын дараагаас Монголын нүүрсийг авах асуудал цэгцэрч, энэ сарын 15-наас эхлэн Гашуунсухайтын боомтоор манайх нүүрсээ гаргаж эхлэхээр боллоо. Тэтгэврийн зээлийг тэглэн, нүүрсний экспорт буурч, манай улсын эдийн засаг нэлээд хүнд байдалд орчихоод байхад үүн шиг таатай мэдээ, дэмжлэг гэж байх уу! Удахгүй бидний цагаа олсон 30 мянган хонины тусламжийн хариу болж Монголын нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолой дамжуулан барих болно гэдэгт би хувьдаа өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Ши даргын хэлсэнчлэн "дундаршгүй булаг” болон бидэнд өөр юу ирэхийг таашгүй. Браво! Ноён Ерөнхийлөгч өө! Бэрх цагт цөлх ухаан сийрнэ гэдэг дээ. Эцсийн эцэст таны айлчлалын дараа МОНГОЛ ЯЛЛАА.

Ш.Даваадорж
Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх