Улстөрд одоогоор сөрөг хүчин болчхоод байгаа АН-ынхан 2020 онд УИХ-д нэр дэвшихээр горилогсдоосоо хандив "нэхсэн”. Эрэгтэйчүүд нь 100 сая төгрөг өгөх бол эмэгтэйчүүд нь арай бага 60 саяыг өг гэсэн. Энэ хугацаа өчигдрөөр буюу 2020 оны гуравдугаар сарын 1-нээр дуусгавар болсон.
Мэдээж дээрх мөнгийг өгсөн хэн боловч улаан шугамын дээр нэр зоогдож, эрхээ халаасална гэвэл бас үгүй. Эхлээд мөнгөө тушаана, дараа нь Үндсэний бодлогын хороо /ҮБХ/-ноос зөвшөөрлөө авна.
Энэ удаагийн сонгуульд АН-ын дүрмийн дагуу 16 эмэгтэй нэр дэвших ёстой. Гэвч одоогийн байдлаар 28 эмэгтэй мөнгөө төлчихсөн, эрхийнхээ төлөө зүтгэж байна. Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд иргэний, нийгмийн, Монол Улсын төлөө зүтгэх эсэхийг бүү мэд. Одоохондоо зөвхөн өөртөө нэр дэвших эрх авахын төлөө зүтгэж байгаа.
АН-ын хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд зайлшгүй ялалт байгуулах хүмүүсээ сойх тохироо хийхээр төлөвлөсөн ч мөнгөтэй нь арай илүү олон байгаа бололтой.
Тодруулбал, зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд авч үзэхэд л мөнгөн хандиваа өгсөн хүмүүсийн ихэнх нь шинэ.
УИХ-ын гишүүн асан, өдгөө Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар "шинэков”-уудаа толгойлох нь. Түүнчлэн энэ удаагийн эмэгтэйчүүдийн дунд сонгуулийн салхийг огт мэдэрч үзээгүй хүн давамгайлж байгаа аж. Мөнгөө төлсөн 28 эмэгтэйн хоёр нь парламентад мөртэй бол ердөө 5-6 хүн өмнө нь сонгуульд нэр дэвшиж үзсэн. Бусад нь жинхэнэ "шинэков”. АН-д олон танигдсан улстөрч эмэгтэйчүүд бий.
Гэхдээ тэд нар нь энэ удаа сонгуулийн "фронт”-д дайтахгүй. Арын албыг дааж, өөрсдийгөө сайн "ашиглах”-ыг мөнгөө тушаасан эмэгтэйчүүдэд зөвлөж, боломж олгосон юм байх. Энэ тухайгаа саяхан зохион байгуулсан нэр дэвшихийг горилогч эмэгтэйчүүддээ хийсэн гурван өдрийн сургалтын үеэр мэдэгдсэн аж.
Юутай ч энэ удаа АН-ын эмэгтэйчүүдийн арын албанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ажиллах аж. Тэр нэр дэвшихгүй. Харин нам нь нийслэлд ялалт байгуулмагц Хотын захирагч болохоор тохирч. Хэрэв тийм бол мань хүн хотын анхны эмэгтэй дарга болно гэсэн "дэврүүн мөрөөдөл”-өөр жигүүрлэсэн гэсэн үг.
МҮОНРТ-ийн захирал асан Ц.Оюундарь ч ялгаагүй. Эрхээсээ татгалзчихсан, албан тушаалын наймаанд хуруу дүрчихсэн яваа.
Олон нийтэд АН-аас нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга мөнгөө төлөөгүй. Тиймээс дэвшихгүй. Гэхдээ үүнийх нь цаана Г.Уянгын АН-аас урваж, шарваж, наалдаж яваа бүх цагийн "түүх” нь гай болж, намын дарга С.Эрдэнэ нь ихэд дургүй байгаа. Тэр ч байтугай ҮБХ-ныхон ч таагүй ханддаг. Тэгэхээр мань хүн сайндаа ч мөнгөө төлөөгүй юм биш. АН-ын уур амьсгалыг мэдэрсэн учраас хувиараа арга ухаанаа уралдуулахаар зэхэж байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа, ОХУ-д Элчин сайд асан Б.Дэлгэрмаа, МҮОНТ-ийн захирал асан Д.Энхтуяа нарын хувьд хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэсэн шиг яваа. Д.Энхтуяагийн хувьд боломж олговол алдахгүй гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө хоёр нь тойрог өгвөл өрсөлдөнө хэмээн гандан буурахгүй зүтгэх тухайгаа ам алджээ.
УИХ-ын 76 тойрогт ердөө 16 эмэгтэй өрсөлдөх учиртай байхад АН-ын хувьд нэг тойрогт 4 эмэгтэй горилогч байгаа нь дотоодынх нь "алаан” аль эрт эхэлснийг бататгана. Мөн 60 сая төгрөгөө 40, 30, 30 хувиар өг гэхэд уралдаж, биесээсээ өрсөж өгсөн нь хөрөнгө ихтэй хүмүүс эрх мэдлийн төлөө хэрхэн улайрдгийг харуулж буй юм.
Рестораны захирал Ц.Цэрэндолгор, аймгийнхаа худалдааны төвүүдийн эзэн болсон Д.Жаргал, жолооны дамжааны "босс” А.Адъяасүрэн, М-Ойл группын тэргүүн хатагтай Б.Пунсалмаа гээд хөрөнгөөр туйлагсад байна.
Нөгөө хэсэг нь бөхийн охин, эхнэр, судлаачийн охин, эмч, ИТХ-ын төлөөлөгч, ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн аснуудын зөвлөхүүд гэхчлэн эрээвэр, хураавар хүмүүс байгаа. Бас ч болоогүй мөнгөтэй л бол болчихно гэсэн сэтгэхүйгээр хандаж буй Т.Пүрэвхатан гэхчлэн АТГ болон бусад хууль, шүүхийн байгууллагад бүртгэгдэж явсан хүмүүсийн нэр ч бий.
Өмнөх сонгуулиар бүдэрсэн ч даагаа нэхэж, бас ч үгүй олон танигдаж яваа Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль, "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч Б.Лакшми, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа нарын эмэгтэйчүүд АН-д хандиваа тушаажээ.
Одоо тэд ҮБХ-ны шийдвэрээс урьтаж "хөлийн хурд, танилын татаас”-ынхаа чадлыг үзэж дараагийн даваагаа давна. Тэрхүү даваанаас өмнө бид дээрх 28 эмэгтэйн хэн нь бэ гэдгийг цувралаар танилцуулах болно.
http://erennews.mn/article/30833