Монгол Улсын хувьд сорилтын жил хэдийнэ эхлээд байна. Тодруулбал, Монгол Улс ирэх дөрвөн жилд 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн үндсэн болон хүүний төлбөр төлөхөөр байгаа. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан дүн юм. Дурдвал, 2021 онд “Мазаалай” бондын 600 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлнө. Түүнээс гадна Засгийн газар баталгаа гаргасан жижиг өр төлбөр бий. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл 27.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Долоо орчим тэрбум ам.долларыг нь Засгийн газрын урт хугацаат өр төлбөр эзэлж байгаа юм. Үүнийг дотор нь задалж үзвэл 3.9 тэрбум нь зээл, үлдсэн нь бонд, өрийн бичиг байна.
Гэвч энэ нь дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдалтай давхцахын зэрэгцээ УИХ-ын сонгуулийн дараах шинэ парламент бүрдэх үйл явцтай зэрэгцэж байгаа нь сорилтыг нэмж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацаа долоодугаар сард дуусна. Тэгвэл УИХ-ын сонгууль зургаадугаар сард болно. Тиймээс эрсдэлийг холдуулахын тулд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин сунгахаар төлөвлөж байгааг Төв банк дурдав. ӨСХ-ийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.долларын шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Өөрөөр хэлбэл, своп хэлцлийн хугацааг 2017 онд 3 жилээр сунгасан нь ӨСХ-ийн хүрээнд давхар шийдвэрлэгдсэн юм. Энэ үүднээс ӨСХ-ийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө гэдгийг Төв банк тайлбарлаад буй. Тэр утгаараа Төв банкны зүгээс өр төлбөрүүдээ төлөхийн тулд ойрын ирээдүйд хүлээгдэж буй томоохон гурван сорилтыг амжилттай даван туулахад анхаарахаа илэрхийлсэн.
Нэгдүгээрт, тавдугаар сард дуусах ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах.
Хоёрдугаарт, Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ байгууллагын “Cаарал жагсаалт”-аас 2020 онд багтан гарах зорилтыг хэрэгжүүлэх.
Гуравдугаарт, Монголбанкны хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөөгүйгээр шийдвэрлэх гарц, шийдлийг олж хэрэгжүүлэхийг зорьсон байна.
Ингэхдээ төрийн холбогдох байгууллагууд болон олон улсын доноруудын дэмжлэг, туслалцааг авах гэнэ. Харин судлаачдын зүгээс хуримтлал үүсгээгүй тул өрийг өрөөр дарна байр суурийг энэ тохиолдолд илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга асан, хуульч Ц.Цолмон “Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим тэрбум ам.доллар. Гэтэл өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.доллар болсон байна лээ. 2020-2024 онд Засгийн газар өмнө авсан өндөр өртөгтэй бондын төлбөрүүдийг төлөх үүрэгтэй. Бүр тодруулбал 2.9 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Гэвч хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чадсангүй. Хуримтлал бий болгоогүй болохоор дахиад зээл авч таарах байх” гэсэн юм.
Эх сурвалж: EAGLENEWS.MN