Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд хулгай, тэр дундаа орон байрны хулгайн гэмт хэрэг их гардаг аж. Иргэд их бага гарын мөнгөн аяга, өндөр үнэ бүхий хөөрөг, гоёлын алт, мөнгөн эдлэлийнхээ зургийг хувийн фэйсбүүк, инстаграм хуудаснаа байршуулж бусдаас илүү бийлэгжүү болохоо гайхуулдаг зан нь хулгайч нарт сэдэл төрүүлж, өгөөш болдог талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэр бүлээрээ хөдөө орон нутагт яваагаа фэйсбүүк хаягаараа нийтэд зарлах нь хулгайч нарт боломж олгодог. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.
-Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Жилийн энэ үед гол төлөв ямар гэмт хэрэг их үйлдэгдэж байна вэ?
-Дээрэм, танхай, залилан мэхлэх зэрэг олон гэмт хэрэг байдаг. Энэ дундаас хулгайн гэмт хэрэг өвлийн улиралд идэвхэждэг. Иргэдийн өвлийн идэш бэлтгэдэг цагаар малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ үеэр иргэд анхаарч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа өөрсдөө хотод аж төрдөг, туслах малчинтай улс онцгой анхаарах шаардлагатай байдаг.
Мөн халаасны хулгай гол төлөв автобус болон томоохон зах худалдааны төв болох Нарантуул, Хархорин зэрэг газруудад гардаг. Өдөрт гурваас долоон хэрэг бүртгэгдэж байна.
Хэдийгээр олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож, Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхийг хязгаарласан ч иргэд гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэхээр зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгөтэй явж худалдан авалт хийдэг. Энэ үед иргэд бэлэн мөнгө, түрийвч, худалдан авсан эд зүйлсээ хулгайд алдахаас хамгаалах, сэрэмжлэх хэрэгтэй байна.
-Сар шинийн баярын үеэр орон байрны хулгайн гэмт хэрэг олон тоогоор үйлдэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?
-Хулгайчдын арга хэлбэр нарийсч, судалгаа их хийдэг болсон нь гэмт үйлдлүүдээс харагддаг. Манайхан Сар шинийн баярын үеэр хувийн цахим хаягтаа баян чинээлэг гэдгээ харуулах зорилготойгоор зураг нийтэлдэг. Үнэтэй хөөрөг, алт мөнгөн аяганаас авахуулаад үнэт эдлэлийнхээ дэргэд зураг даруулаад л пост хийчихдэг болсон. Энэ нь хулгайчдад сэдэл төрүүлж байгаа юм. Ингээд л хулгайчид алт, мөнгөн эдлэлийн эзнийг судалж эхэлнэ шүү дээ. Хэзээ гэрээсээ гардаг, хөдөө орон нутаг явах нь уу гээд л хий зайг нь хүлээнэ. Энэ үед нь өнөөх баян чинээлэг нөхөр маань гэр бүлээрээ хөдөө орон нутагт ах, дүү нартайгаа золгож яваа зургаа дахиад л “Сайхан шинэлж байна уу” гээд цахим хаягтаа нийтэлчихдэг.
Ингээд чинээлэг харагдахаар зураг нийтэлсэн нөхрийн гэр нь эзгүйг мэдсэн хулгайч хамаг үнэт эдлэлийг нь аваад явчихаж байгаа юм. Үнэт эдлэлийнхээ зургийг фэйсбүүк, инстаграм, твитер хуудаснаа нийтэлж баярхах нь таныг хулгайн гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлд оруулж байдгийг анхааруулъя. Баяр ёслолын үеэр монголчуудын баян тарганаа гайхуулсан дон нь гэмт хэрэгтнүүдийн өгөөш болж байна.
Дан ганц Цагаан сараар ч биш, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ салхинд гарч байгаагаа фэйсбүүк хаягаараа мэдээлэх ч таныг эрсдэлд оруулдаг.
-Удахгүй Сар шинийн баяр болно. Хөдөө орон нутгийг зорихоор төлөвлөсөн иргэд мэдээж байгаа. Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажиллагаа явуулж байна вэ?
-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, ухуулга нөлөөллийн ажил явуулж байна. Хулгайн гэмт хэргийн үйлдлийг харуулсан, сэрэмжлүүлсэн постер, богино хэмжээний шторкуудыг бэлтгэж цахимаар цацаж байна. Иргэд гэрээ эзэнгүй орхиж байгаа бол хөршдөө захиж үлдээх хэрэгтэй. Таны хажуугийн айлаас хэн нэгэн сэжигтэй этгээд цахилгаан бараа үнэт эдлэл аваад гарч байх юм бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зөв. Орон байрны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хөршийн холбоо чухал ач холбогдолтой.
-Зарим айл өрхүүд ч ууц, өвчүү чанана гээд махны хэрэгцээ гарах л байх. Үүнийг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олохыг санаархаж буй хүмүүс ч байгаа байлгүй. Малын хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас мах, махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг зах, худалдааны төв, үйлдвэр, цех, мал нядалгааны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулж, худалдан борлуулж байгаа мал, махны гарал үүсэл, тухайн объектуудын хөдөлгөөнд тавих хяналтыг дээшлүүлэх, гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг төлбөртэй авч ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Сүүлийн үед ахуйн хулгай их гарч байх шиг. Тэр дундаа тээврийн хэрэгслийнхээ шил, толь, дугуй, яндан зэргийг хулгайд алдах тохиолдол их байна. Ямар шалтгаан байна вэ?
-Автомашины эд ангийг хулгайд алдаж байгаа нь иргэд хараа хяналтгүй газар удаан хугацаагаар тээврийн хэрэгслээ үлдээж байгаатай холбоотой. Нөгөө талаараа иргэд хуурамч зарын нөлөөнд автаж бусдын тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар, энэ оны нэгдүгээр сард приус машины яндан хулгайд алдагдсан тохиолдол олон бүртгэгдсэн. Энэ нь “Приус машины катлизар янданд цагаан алт байдаг” гэсэн худал зар, мэдээлэл цахимд гарсантай холбоотой. Энэ худал мэдээлэлд итгэсэн нэг нь “Приусын катлизар яндан их хэмжээгээр авна “ гэсэн зар тараачихаж байгаа юм. Ингээд л нөхдүүд хараа хяналтгүй газар байршуулсан приус авто машины яндангуудыг хулгайлж эхэлсэн.
Үнэндээ янданд цагаан алтны зөвхөн нэг төрлийн химийн бодис буюу урвал нь л байдаг. Ийм эх сурвалжгүй худал мэдээлэлд автаж хулгайн гэмт хэрэг хийдэг хүмүүс байна.
-Цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйлс худалдаж авч байгаа ченж нарт ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Одоо хэрэгжиж байгаа хуульд гар дээрээс худалдаа эрхлээд, хулгайн эд зүйлс худалдаж аваад байгаа хүмүүст шаардлага тавьж тараах эрх зүйн зохицуулалт байхгүй л дээ.
Бид Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Теди” болон “Монител” худалдааны төвийн гадна гар дээрээс утас худалдаалдаг, гар утас худалдаж авдаг иргэдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ ажлын үр дүн ч сайн гарсан.
Цаашид нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж гар дээрээс худалдаа эрхэлж автомашины сэлбэг, гар утас зэрэг зүйлсийг худалдаалдаг иргэдэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид тухайн аж ахуйн нэгжүүдтэй нь хамтарч ажиллаж хулгайн эд зүйлс худалдаж авсан нь тогтоогдсон түрээслэгчид гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болохоор төлөвлөөд ажиллаж байна. Хулгайн эд зүйлс худалдаж авсан ченж нарт хариуцлага тооцоод аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг нь цуцлаад лангууг нь хураах хүртэл арга хэмжээ авахад буруу гарын эд зүйлс авах нь зогсон гэж үзэж байгаа. Энэ ажлыг Да Хүрээ зэрэг томоохон захууд дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Хулгайн гэмт хэргийн хуулийн зохицуулалтын талаар тодруулахгүй юу. Буурахгүй байгаа нь юутай холбоотой гэж та харж байна вэ?
Хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн гурван зүйлд хуульчилсан бөгөөд “Хүн хулгайлах”, “Хулгайлах”, “Мал хулгайлах” гэж томьёолсон байдаг.
Түгээмэл үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, эсхүл байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Мөн бусдын мал хулгайлсан, эсхүл олон тооны мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин