(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов.

Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл МАШ ӨНДӨР, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох  агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх