БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

  • 0
  • 86
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

БНСУ-д бямба гарагт “COVID-2019” коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 346 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /KCDC/ мэдээллээ.

Ердөө гурав хоногийн өмнө БНСУ-д халдвар авсан нийт хүний тоо 50 байсан байна. KCDC-ийн мэдээлснээр, шинэ тохиолдлуудын 103 нь Кёнсон-Пукто мужид, 28 нь Дэгү хотод, үлдсэн 11 нь тус улсын янз бүрийн бүс нутагт илэрчээ.

Халдварын нийт тохиолдлын 92 нь Дэгү хотоос холгүй орших Чондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн байна. Чухам энэ эмнэлэгт коронавирусээр халдварласан хоёр хүн нас барсан юм. Үүнээс гадна, халдвар авсан өвчтөнүүдийн 38 нь Дэгү хотын “Шинчожи” сүмд халдварласан байна. 

БНСУ-д илэрсэн халдварын 31 дэх тохиолдол болох 61 настай эмэгтэй Хятадад хэзээ ч аялж байгаагүй тул коронавирусний шинжилгээ хийлгэхээс татгалзсан тухай өмнө нь мэдээлсэн. Уг эмэгтэй “Шинчожи” сүмийн цуглаанд очдог байсан нь цааш олон хүнд халдах нөхцөл болсон юм. Орон нутгийн удирдлагууд 4500 орчим итгэгчдэд коронавирусний халдвар авсан эсэхийг шалгаж байгаа ажээ.

Yonhap агентлагийн мэдээлснээр, Чондо хот нь Дэгү хот дахь халдварын тархалтын голомт байж магадгүй байна. Чухам Чондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгт нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 2-ны хооронд Шинчожи сүмийн удирдагч Ли Ман Хигийн том ахынх нь оршуулгын ёслол болж, түүний олон дагагч оролцжээ. Халдварын 31 дэх тохиолдол сүмийн гишүүдийн нэгнээс халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй байна. Учир нь уг эмэгтэй Хятадад очоогүй, халдвар авсан бусад хүнтэй хавьтаагүй боловч хоёрдугаар сарын 1-нд Чондо хотод очжээ. Гэвч түүнийг оршуулгын ёслол, Тэнам дүүргийн эмнэлэгт очоогүй гэж  Шинчожи сүмийн төлөөлөгчид хэлсэн байна.

Дэгү хотын уг сүм гадаадад буй салбаруудтай, тэр дундаа халдварын голомт болох Хубэй муж дахь салбартай хүмүүс солилцсон эсэхийг хорио цээрийн алба шалгаж байгаа аж. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, Шинчожи сүм өнгөрсөн онд Ухань хотод салбараа нээжээ.

Д.Жаргал

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх