Говь-Алтай аймагт ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн Лхагва гарагт гарав.
Аймгийн Засаг даргын Тамгын газар дээр хуралтай хэмээн мягмар гаригийн үдээс хойш ажлаасаа гарсан бүсгүй маргааш нь үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдоод байна.
Талийгаач тухайн өдрийн орой 21:00 цагийн орчимд аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн албан өрөөнд орсон. Тэнд Засаг дарга тэргүүтэй нэр бүхий хүмүүс төрсөн өдөр, албаны баяр тэмдэглэж согтууруулах ундаа хэрэглэсэн. 00:20 цагийн орчимд талийгаачийг Засаг даргын өрөөнөөс нэг хүн үүрч, дэргэд нь нэг хүн дагалдан гарсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж буй. Тэд талийгаачийг автомашинд нь аваачиж үлдээгээд буцжээ.
Үүрээр 04:00 цагийн үед талийгаачийг машиндаа нас барсан байсныг олсон гэх мэдээлэл байгаа юм. Уг явдлын талаар Засаг дарга В.Ренчиндорж зарим хэвлэлд тайлбар өгөхдөө “Миний албан өрөөнд юу ч болоогүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага дотоод болон гадаад камерын бичлэгийг аваад явсан шалгаж байгаа. Намайг хариуцлага тооцсон гээд байгаа. Би өөрөө шууд энэ агентлагт нөлөөлөх аргагүй тул холбогдох байгууллагуудад мэдүүлэх хуудас явуулсан” гэжээ.
Тэгвэл тухайн өдөр аймгийн ЗДТГ-ын албан байранд жижүүрээр гарч байсан иргэн хэвлэлд ярихдаа “Засаг даргын өрөөнөөс нэг эмэгтэйг нэг залуу үүрээд гарч явсан. Түүнийг дагалдаж Засаг даргын нарийн бичгийн дарга ч явсан. Удалгүй нарийн бичгийн дарга ороод ирсэн.
Ямар учиртайг лавлаж асуухад “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүн байгаа юм. Согтчихсон учраас ажлынх нь хүнээр хүргүүлэхээр явуулчихлаа” гэсэн” хэмээсэн байна.
ЦЕГ-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн билээ.
Талийгаачийн эгч тухайн оройн нөхцөл байдлын талаар “Дүүг маань Засаг дарга өрөөндөө дуудсан байдаг. Ирэхдээ архитай ирээрэй гэсэн байсан” гэж байгаа юм. Үүнээс харахад аймгийн Засаг даргын өрөөнд архидан согтууралт болсон байх магадлалтай байна. Талийгаач С.Болормаагийн хувьд Засаг дарга В.Ренчиндоржтой үзэл бодол, ажил байдлын хувьд зөрчилддөг.
Засаг даргын зүгээс дарамт шахалт үзүүлдэг байсан тухай найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүс нь онцолж байгаа юм.
С.Болормаа 2016 оноос Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар томилогдон ажиллаж эхэлжээ. Тэрбээр орон нутагтаа гэр бүл, хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн олон ажлыг үр бүтээлтэй зохион байгуулж аймаг орон нутаг, улсын хэмжээнд салбартаа танигдсан албан хаагч байсан байна. Тийм ч учраас Засгийн газрын агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны тайлангаар улсдаа хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг гаргаад байжээ.
Харин Засаг дарга В.Ренчиндоржийн зүгээс талийгаачийг төрийн албан хаагчийн үүргийг биелүүлдэггүй, ажилдаа идэвх санаачилгагүй, үр бүтээлгүй ажилладаг гэх үндэслэлээр шийтгэл оногдуулахыг хүссэн албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 31 -нд Улаанбаатар дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж байжээ.
Талийгаач чухам юунаас болж амиа алдсан талаарх мэдээлэл одоогоор маш бүрхэг байна. Орон нутагт хоёр үндэслэл ард иргэдийн дунд яригдаж байгаа гэнэ. Эхнийх нь осгож нас барсан гэж байгаа бол зарим хэсэг нь зүрх нь хаагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа бололтой. Нийслэлээс Шүүх шинжээчдийн баг өчигдөр очиж, үхлийн шалтгааныг тодруулахаар талийгаачид задлан шинжилгээ хийсэн байна. Талийгаачийг өнөөдөр хөдөөлүүлэх аж.
Бид талийгаачийн аав н. Сүхээтэй холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Юу болоод өнгөрчихөв. Та ярих боломжийнхоо хүрээнд мэдээлэл өгөөч?
-Үнэндээ бидэнд мэдэх зүйл алга аа. Маш хүнд явдал боллоо. Охин маань тэр орой хуралтай гэж байсан хүүхэд. Хурлаа тараад ирэх байх гэж хүлээгээд ч ирээгүй. Гэтэл маргааш өглөө нь 06:00 цагийн үед ийм харамсалтай мэдээ дууллаа.
-Талийгаачийн нас барсан шалтгааныг ар гэрийнхэн юу гэж үзэж байна вэ?
-Өнөөдөр задлан шинжилгээнд орсон. Одоо хүртэл охиныхоо барааг хараагүй байна. Цагдаа, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг л бид хүлээж байна. Түүнээс наана хэлэх ямар ч үндэслэл алга даа.
-Аймгийн удирдлагуудын зүгээс дарамталдаг байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Танд энэ талаар талийгаач хэлдэг байв уу?
-Нэг удаа “Аав аа би ажлаасаа гардаг юм бил үү” гэж байсан. Нэлээд хэд хоногийн өмнө. Өөр зүйл мэдэхгүй юм.
-Талийгаачийн зүрх хаагдсан, осгож нас барсан гээд л янз бүрийн мэдээлэл гарч байна. Та бүхэнд ямар нэгэн сэжиг таамаг байгаа шүү дээ?
-Миний охин ямартаа ч нэг ч удаа бие нь өвдөж, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Гэтэл сошиал орчинд янз бүрийн мэдээлэл гарч байгаа бололтой. Бүр улс төртэй холбосон зүйл ч их байна гэнэ. Их л буруу, ташаа мэдээлэл яваад байгаа бололтой.
-Охин тань ажил мэргэжил, зан чанарын хувьд ямар хүн байв?
-Хэлээд яах вэ. Маш их ажилч, хөдөлмөрч хүүхэд байсан. Та бүхэн ч энэ тухай надаар хэлүүлэлтгүй харж байгаа болов уу. Одоо гол нь бид мэргэжлийн байгууллагын шийдвэр, дүгнэлтийг л хүлээж байна. Өөр мэдэх зүйл алга гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: Б.ЭНХЗАЯА, ӨДРИЙН СОНИН