Японд олсон эд зүйлийг эзэнд нь өгөх ёстойг багаас нь зааж сургадаг

  • 0
  • 63
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Японы нийслэл Токио хотод хаясан гээсэн түрийвчний 80 хувь, гар утасны 88 хувийг хүмүүс цагдаагийн байгууллагад олж аваачиж өгдөг гэх судалгааны дүн гарчээ. Гэтэл Нью-Йоркт энэ тоо 6 болон 10 хувьтай гарсан байна. 

Цүнх юм уу түрийвчээ алга болгоно гэдэг хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг. Орчин үед ухаалаг утсаараа төлбөрөө төлөх боломжтой ч түрийвчинд банкны карт, чухал бичиг баримт байсан гэж бодохоор л дэндүү харамсалтай санагдана. 

Түрийвчээ гээсэн даруйд л бөөн асуудал үүсэж эхэлдэг. Та заавал банк орж, алдсан картаа хаалгах шаардлагатай болно. Хэрвээ гэрийнхээ түлхүүрийг гээчихсэн бол хаалганыхаа цоожийг солихоос өөр аргагүй.

Гэтэл энэ дэлхий дээр түрийвчээ гээсэн хүн эргээд олох, тэр ч бүү хэл гээсэн өдрөө олох өндөр магадлалтай газар байдаг ажээ. Энэ бол Токио хот.

Японы нийслэлийн хүн амын тоо мөдхөн 14 сая хүрнэ. Жил бүр хүмүүс сая сая түрийвч, ухаалаг утас, цүнх гэх мэт эд зүйлсээ гээдэг байна. Харин гээсэн эд зүйл нь эргээд эзэндээ очдог үзэгдлээрээ гадныхныг гайхшруулдаг аж.

data-action=zoom

2018 онд Токиогийн цагдаагийн газар нийт алга болсон эд зүйлийн 73 хувь буюу 545 мянган зүйлийг эзэнд нь олж өгчээ. Тэдгээрээс 130 мянга нь гар утас, 240 мянга нь хэтэвч байсан ба ихэнхийг нь хаясан өдөрт нь эзэнд нь өгсөн байна. 

“Намайг Сан-Францискод амьдарч байхад Чайна таунд нэг хүн хэн нэгний хаясан түрийвчийг цагдаагийн газар аваачиж өгсөн тухай мэдээлэл бараг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан” хэмээн Нью-Йорк хотын SUNY политехникийн институтийн сэтгэлзүйч Казүко Беренс ярьсан байна. 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хэтэвчийг нь буцаан өгсөн хүнээс ярилцлага авч, түүнийг “Үнэнч шударга хүн” хэмээн нэрлэж байсан нь америкчуудын хувьд ховор тохиолдол болохыг харуулж буй. Харин ийм үзэгдэл Казүко Беренсийн төрөлх Япон улсад түгээмэл үзэгдэл гэнэ.

“Япончууд хэн нэгний гээсэн юмыг олсон бол “Мэдээж, эзэнд нь өгөлгүй яах вэ” гэж хэлэх байсан. Харин эсрэгээрээ түрийвчийг өөртөө үлдээсэн бол жинхэнэ хачирхалтай явдал болно” хэмээн ярьсан байна. 

ХҮҮХДҮҮД 10 ИЕНИЙ ЗООС ОЛСОН Ч ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГДӨГ

2018 онд цагдаагийн байгууллагад авчирч өгсөн 156 мянган гар утасны 17 хувийнх нь эзэн нь олдоогүй тул устгалд оруулжээ. Харин тэдгээрийн нэгийг нь ч олсон хүнд нь бэлэглээгүй байна. 

Японд цагдаагийн жижиг цэгүүд  (кобан) хангалттай их байдаг бөгөөд Токиод л гэхэд 100 км кв талбай тутамд 97 ширхэг ногддог аж. Цагдаагийн ажилтнууд нь найрсаг, настай хүмүүсийг зам гаргаж өгөх гэх мэтчилэн үргэлж хэн нэгэнд тусалдаг гэнэ. 

Хүүхдэд зөв үйл хийсэн хүнийг шагнаж урамшуулдаг гэдэг ойлголтыг төрүүлдэг

“Япон хүүхэд гудамжинд цагдаа харсан бол ихэвчлэн гүйж очоод мэндэлдэг” хэмээн Кёото Сангё их сургуулийн профессор Масахиро Тамүра хэлжээ. Тэрээр “Япончууд хаясан гээсэн, мартсан эд зүйлийг эзэнд нь өгөх ёстой гэдгийг хүүхдэдээ бага наснаас нь зааж сургадаг. 10 иений зоос (251 төгрөг) ч олсон бай цагдаагийн газар аваачиж өгсөн хүүхдийг урамшуулдаг” хэмээн ярьсан байна.

Хүүхэд олсон зоосоо кобанд авчирч өгсөн бол цагдаа протокол хөтөлж, бусад эд зүйлийн адилаар албан ёсоор хадгалж авдаг байна.

Харин хэн ч зоосоо авах гэж ирээгүй бол олсон хүнд нь цагдаагийн хэлтсээс буцаан өгдөг гэнэ. Энэ нь олсон 10 иенээ л шагнал болгон буцаан авч байгаа мэт боловч хүүхдэд зөв үйл хийсэн хүнийг шагнаж урамшуулдаг гэдэг ойлголтыг төрүүлдэг ажээ. Харин мөнгийг анхнаасаа цагдаагийн газарт аваачиж өгөлгүй өөртөө үлдээсэн бол хулгай болно гэдгийг ойлгуулдаг байна. 

ТУРШИЛТААР БАТЛАГДАВ

Судлаачид Токио болон Нью-Йорк хотод утас, түрийвчээ санаатайгаар “гээж” туршилт хийсэн байна. Гэтэл Токиод гээсэн утасны 88 хувийг хүмүүс цагдаагийн байгууллагад авчирч өгчээ. Харин Нью-Йоркт зургаан хувийг нь л буцаан өгсөн байна. Түрийвч санаатайгаар гээгдүүлэхэд Токиод 80 хувьд нь буцаан өгсөн бол Нью-Йоркт 10 хувьтай байв. 

Нөгөөтээгүүр Японд алга болгосон шүхэрнийхээ араас явах хүн ховор аж. 2018 онд Токиогийн цагдаагийн газарт авчирч өгсөн шүхэрний ердөө нэг хувийг л эзэн нь сураглаж иржээ.

Харин 81 хувийг нь авчирч өгсөн хүнд нь буцаан өгсөн байна. Япончууд бороонд цохиулахгүйн тулд цагдаагийн хэлтэс рүү шүхэр авах гэж явах нь түгээмэл үзэгдэл аж. Учир нь тэдгээр шүхэрнүүдийн ихэнх нь хямдхан, тунгалаг гялгар материалаар хийсэн байдаг гэнэ.

data-action=zoom

ВВС агентлагийн сэтгүүлч энэхүү нийтлэлийг бичихдээ хаясан гээсэн эд зүйлийг нь олж өгөх хандлага өндөр байгаа нь япончуудын үнэнч шударга зан хүчтэй нөлөөлдөг үү гэх асуудлыг хөндөж тавьсан байна.

Түүх сөхвөл Японд ийм зан чанартай холбоотой сонирхолтой жишээ байдаг аж. Тухайлбал, 10-20 жилийн өмнө япон эмч нар өвчтөнөөс өвчнийх нь оношийг нуух нь энгийн үзэгдэл байжээ. Тэд оношийг зөвхөн гэр бүлийнх нь гишүүдэд хэлдэг байв. Тиймээс өвчтөн жишээ нь, хавдар туссан үгүйгээ мэддэггүй байжээ. 

БУСДЫГ ГЭХ СЭТГЭЛ

Японы зүүн хойд хэсэгт 2011 онд болсон аймшигт цүнамигийн дараа олон хүн орон гэргүй болж, хүнс, ундны усны хомсдолд оржээ. Гамшгийн үед хүмүүс сэтгэлийн амар амгалан байдлыг эрхэмлэж, бусдын эрх ашгийг дээдэлж байв.

Сэтгэлзүйч Казүко Беренс япончууд хүүхдээ бага балчраас нь (бусдын талаар бодохын зэрэгцээ өөрийгөө хянах) гаманд суралцуулдаг тухай онцолжээ. Тэр хүнд хэцүү өдрүүдэд цүнамид өртсөн бүс нутгуудад хулгайн хэрэг бусад бүс нутгуудтай харьцуулахад харьцангуй бага гарч байсан гэдэг.

Гэтэл “2011 онд газар хөдлөлтийн дараа Фүкүшимагийн цөмийн реакторууд ажиллахаа болих үед цацраг туяанаас хамгаалахын тулд тус бүс нутгийг хэдэн сараар хаасан. Гэтэл тэнд ямар нэг таагүй хэргийн гэрч болох хэн ч байхгүй, бүр цагдаа ч байхгүй байсан учраас мэр сэр хулгайн хэрэг гарч байлаа” хэмээн Кёото Сангё их сургуулийн профессор Масахиро Тамүра хэлжээ.

Хэрвээ чи эерэг зүйл хийж, гээсэн хэтэвчийг эзэнд нь буцаан өгвөл ирээдүйд өөр хэн нэгэн таны үйлдлийг давтан дуурайх болно гэдгийг ухамсарлаж ойлгодог. 

Тамүра Энэ үзэгдлийг олны нүд гэдэг. Ойр хавьд цагдаа байхгүй ч олны нүд харж байгаа учраас хэн ч хулгай хийхгүй. Гэвч хэн ч харахааргүй нөхцөлд хулгай гардаг гэжээ. Тиймээс үйлдэл болгоныг тань хүмүүс ажиглаж байгаа үед тухайн хүн хамгийн түрүүнд бусдын талаар боддог байна. 

ХУУЛЬ ЖУРАМД ЗАХИРАГДДАГ

Зүүн азийн ард түмэнд бүлгээрээ амьдрах зан араншин давамгайлсан байдаг аж. Беренс нэгэн судалгааныхаа хүрээнд япон болон америк ээжүүдээс хүүхдүүдийнхээ ирээдүйг ямар байгаасай гэж хүсдэг вэ хэмээн асуужээ.

Япон ээжүүд хүүхдээ энгийн амьдралаар амьдраасай гэж хүсдэг бол америк ээжүүдийн дунд тийм хүн бараг олохооргүй байв. Америк ээж болгон хүүхэд нь олон улсын супер од болохыг хүсдгээ илэрхийлсэн бол эсрэгээрээ япончуудын хувьд энгийн амьдралаар амьдруулахыг илүүд үздэг аж. 

Япончуудын хувьд хувиа хичээгээд бусдаас тусдаа байна гэдэг сэтгэлзүйн гэмтэл учруулахуйц зүйл. Хэрвээ чи эерэг зүйл хийж, гээсэн хэтэвчийг эзэнд нь буцаан өгвөл ирээдүйд өөр хэн нэгэн таны үйлдлийг давтан дуурайх болно гэдгийг ухамсарлаж ойлгодог. Энэ бол япончуудад хүүхэд наснаас нь суулгадаг зарчим гэнэ. Түүнчлэн хэн нэгэн алдсан зүйлийг цагдаагийн газар авчрахдаа ямар нэг шагнал хүлээдэггүй аж.

“Мэдээж япончууд хэт үнэнч шударга хүмүүс гэхээсээ илүү хууль болон нийтийн хэм хэмжээнд захирагддаг учраас бусдын эд зүйлийг буцаан өгдөг. Ямар ч шалтгаантай бай энэ нь хэрэгждэг” хэмээн Токио болон Нью-Йорк хотод гээсэн эд зүйлийн туршилт хийсэн Мичиганы их сургуулийн Японы эрх зүйн тогтолцооны мэргэжилтэн Марк Д.Уэст ярьжээ. 

 

А.Наранцарал

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх