Загдаад “заамдуулсан” цагдаатай Монголын төр хөөрхий

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Загдаад “заамдуулсан” цагдаатай Монголын төр хөөрхий

 

Сошиал сүлжээний од, төрийн албаныхны "овгор” Загдаа гэдэг нэг этгээдтэй боллоо. Түүнийг хэн ч дийлдэггүй. Тэрээр камертай гар утсаар зэвсэглэж, хараалын голдуу үгээр "ярьдаг” ажээ.
Загдаа гэгч нь "Зөв амьдрах ухаан” гэдэг ТББ ажиллуулдаг юм байна. Баянзүрх дүүргийн V хороо, Моносын 1-19 тоот хашаандаа бусдыг амьдруулдаг. Загдаагийн ТББ-ын танилцуулгад "…”Зөв амьдрах ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг байгууллага юм.
 
 
 
2006 онд байгуулагдаж гадна, дотны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд 250 орчим иргэнд ямар нэгэн хэлбэрээр тусалж дэмжсэнээс өнөөдрийн байдлаар 0-72 насны 112 иргэн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байна. Үүнээс цэцэрлэгийн насны 15 хүүхэд, сургуулийн насны 16 хүүхэд бусад нь хөдөлмөрийн насны болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Та бүхэн манай байгууллагыг дэмжихийг хүсвэл бидэнд ажил захиалж хийлгэхэд л хангалттай” гэж бичсэн байдаг.
 
 
 
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнөөдөр Загдаагийн ТББ буюу хашаанд насанд хүрсэн 65 хүн, 62 хүүхэд амьдарч байна.
Мөн өнгөрсөн хугацаанд Загдаагийн ТББ-ыг төрөөс дэмжиж хэдэн зуун сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх юм.
Үүнийг харахаар Загдаагийн хийж буй ажил нийгэмд тустай, хүн ёсны гэж харагдаад байгаа юм.
Гэвч Загдаагийн дайсан нь Монголын төр үү гэлтэй, хэдэн жилийн турш төрийн байгууллагуудтай "заамдалцав” шүү.
Эхлээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, дараа нь НЗДТГ, тэгээд Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуу­чуудын хөгжлийн газар, түүний харьяа газар гээд үзэлцээд, сошиалд бичлэг цацаад л явдаг байв. Загдаа дургүйг нь хүргэсэн төрийн албан хаагчийг нэр ус, удам судартай нь сошиалд байршуулна. Өөрөө харааж зүхэж байгаа бичлэгээ хүртэл тавина. Харин уг бичлэгийнх нь сэтгэгдэл нөгөөх төрийн албан хаагчийг "байхгүй” болгоно доо. Загдаагаас дутахгүй хараал, шүүмжлэл хэлэгчид эрх чөлөөгөө ханхлуулан өнөөх хүнийг боорлоно.
 
Яг үнэндээ төрийн албаныхан иргэн Загдаад хууль ёсны шаардлага л тавьдаг байгаа юм.
Загдаа нь ТББ-даа Хүүхэд хамгааллын хуулийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлтэй юм байна. Энэ нь хүүхдэд өдрийн цагаар үйлчилгээ үзүүлчихээд орой гэрт нь хариулах хэмжээний эрх ажээ.
 
 
 
Гэтэл Загдаа өнөөдөр 62 хүүхдийг 24 цагаар байлгадаг болж таарсан. Гэхдээ 62 хүүхдийн 55 нь тэнд амьдардаг хүмүүсийн хүүхэд гэж байгаа. Тэгэхээр долоон хүүхэд дээр асран хамгаалагчийн асуудал үүссэн гэсэн үг.
 
 
 
Хэрвээ Загдаа ТББ-даа хүүхдийг байнга амьдруулах юм бол асрамж, халамжийн газрын зөвшөөрлийг хуулийн дагуу авах ёстой юм байна.
Уг асуудлыг л хуулийн дагуу болгохоор төрийн алба ажиллаад байгаа аж.
 
Харамсалтай нь хэн ч очоод нэмэргүй. Загдаад зад загнуулаад л хөөгддөг. Үг сөргөвөл өөрөө сошиалын од болно. Загдаагийн фэнүүдээр газар доогуур ортлоо хараалгана.
Ийм байдалтай хэдэн жил боллоо. Загдаа сүүлдээ цагдаагийн албан хаагчид руу орлоо.
Хэд хоногийн өмнө дөө, Загдаагийн бас нэг бичлэг сошиалд тавигдлаа. Баянзүрх дүүргийн бололтой цагдаагийн албан хаагчдыг баллаж тавьж байна. Өөрийнх нь тайлбараар цагдаа нар шөнийн 02:00 цагт хулгайч шиг хашааг нь даваад ороод очсон. Тэгээд хөөгдсөн гэв.
 
Загдаагийн цагдаатай ярьсан яриаг нэг бүрчлэн буулгаад дэмий биз. Төрийн цагдаа түүхэндээ сонсож байгаагүй үгээ иргэн Загдаагаас сонссон байх. Юутай ч "…Дамбийнямыгаа дууд” гэж Загдаа томроод л байна лээ. Т.Дамбийням гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга хүн л дээ. Түүнээс том хүмүүсийг ч "..Дууд” гэж зандарна. Загдаа ийм л том болчихсон. Том гэдэг нь хуулиас дээгүүр гэсэн үг. Дунд ранкийн офицер энэ тэрийг бол хэн ч гээд байгаа юм, бүү мэд.
Хэрвээ өөр нэгэн цагдаатай тэгж харьцсан бол өдийд торны цаана гавтай сууж байхгүй юу.
Ер нь Загдаа яагаад цагдааг, төрийн албыг ингэж үздэг болсон бэ. Загдаа яагаад давраад байна вэ. Гээд харахаар шалтгаан нь бас харагдаад байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2017 оны зургадугаар сарын 15-нд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Загдаагийн "Зөв амьдрах ухаан” ТББ дээр ажилласан.
 
Жил хагасын өмнө, 2018 оны наймдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Загдаагийн ТББ дээр очсон. Тэр цагаас хойш Загдаа улам оодорчээ.
 
 
 
Ерөнхий сайд тэнд очоод дэмжихээ илэрхийлж, дэмжлэг үзүүлснээс хойш Загдаад үг хэлдэг төрийн алба үгүй болсон. Загдаагийн ТББ хууль зөрчсөн ч нүдээ аниад л өнгөрөөхгүй бол өнөөх нь Ерөнхйи сайд руу мессеж бичиж ховлоод, эсвэл сошиалд тавьж "матарлаад” сүйдийг нь холино.
 
 
 
Яг үнэндээ өнөөдөр Загдаа бол хүүхдийн төлөөх байгууллагууд, нийслэл, дүүргийн энэ чиглэлийн албан хаагчдын "хадны мангаа” болчихсон.
Хамгийн сүүлд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул Загдаатай халз тулжээ. Н.Мандуул дараахан нь хэвлэлээр Загдаад тал зассан ярилцлага өгсөн байгаа юм.
Н.Мандуул бас л дээр хэлснээр хоёр хүүхдийн асуудлыг хуулийн дагуу болгохоор ажил хэрэг ярьж очоод хэрүүл уруул болоод гарч ирсэн байдаг.
Магадгүй, Загдаа энэ ТББ-ыг байгуулахдаа маш зөвийг бодож, бусдад буян хийнэ л гэж бодсон байж таарна. Одоо ч том, жижиг 100 гаруй хүнийг байлгаж байгаагаа тэгж л үздэг биз.
Гэхдээ биш. Иргэн Загдаа өөрөө зөв амьдрах ухаанд суралцах хэрэгтэй. Цагдаа ч гэсэн хууль биелүүлэхгүй байгаа иргэн Загдааг чирж аваачаад хуулийн өмнө суулгадаг байх ёстой.
 
Үүний үр дагаврыг бод доо. Өнөөдөр ганц Загдаа цагдаа, төрийн байгууллагад томроод л байна. Загдаагийн бичлэгийг үзэж, ааш авирыг нь дэмжиж "хуруугаа гозойлгож, зүрх дарж” байгаа болгон маргаашийн "Загдаанууд” болно.
Нөгөө талаас Загдаа мэтийг дэвэргэж, алдаагаа зөвтгөх боломж олгодгоо Ерөнхий сайд ч тэр, төрийн байгууллагын удирдлагууд болих ёстой. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед "трэнд” болоод байгаа "энтертайнмент”-аас татгалзахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд уриалж байна.
Эцэст нь хэлэхэд, нийслэл, дүүргийн ЗДТГ, агентлагийнхан, цагдаагийнхан чинь Ерөнхий сайд танаас айгаад Загдаад хууль биелүүлүүлж чадахгүй байгаа юм. Таныг Загдааг өмөөрнө гэж айдаг учраас цагдаа хүртэл "заамдуулаад” зогсож байдаг боллоо.
Ийм байдал л Монголын төрийг хүчгүйдүүлж, "…Хөөрхий” болгодог билээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх