Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч уулзлаа.
Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хотын Захирагчийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод цахимаар буюу таблет дэлгэц ашиглан асуулга явуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тус асуулгад идэвхтэй оролцох, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалах, мөн асуулга авах үеэр иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх болно. Бидний ажлыг нийслэлийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна” гэв.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд асуулга явуулж, эрүүл мэндийн тандалт хийхийг нийслэлийн зүгээс дэмжинэ
Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагууд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байна. Тун удахгүй Монгол үндэсний сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө, орон нутаг нийслэлийн хооронд хөдөлгөөн идэвхтэй болдог. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд асуулга явуулж, эрүүл мэндийн тандалт хийхийг нийслэлийн зүгээс дэмжих болно” хэмээн хэллээ.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат ахлуулсан ажлын хэсэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас явуулах асуулгыг зохион байгуулж ажиллахаар болов. Үүний тулд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан мэдээлэл болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэх аж.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар байлцав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс