Сагсан бөмбөгийн алдрын танхимд энэ онд мөнхлөхөөр шигшигдсэн оддын дунд Лос-Анжелес Лейкерс”-ийн домогт хамгаалагч Коби Брайант тэргүүтэй сагсан бөмбөгчид багтжээ.
Тэрбээр саяхан нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга, олимпийн хошой аварга, Бүх оддын тоглолтод 18 удаа оролцсон К.Брайант Лейкерс” багийн олон дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд үүнд хамгийн олон тоглолтод оролцсон, олон оноо авсан, олон удаа бөмбөг тасалсан зэрэг багтдаг юм.
Мөн Алдрын танхимд нэр дэвшигчдийн дунд Бүх оддын тоглолтод 15 удаа оролож, шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор гурван удаа тодорсон Тим Данкэн, Бүх оддын тоглолтод 15 удаа оролцсон Кевин Гарнетт, олимпийн дөрвөн алтан медальт эмэгтэй сагсан бөмбөгч Тамика Кэтчингс нар орж байна. 2020 онд Алдрын танхимд мөнхлөх тамирчдын нэрийг ирэх дөрөвдүгээр сарын 4-нд олон нийтэд албан ёсоор танилцуулах бөгөөд ёслолын үйл ажиллагаа наймдугаар сарын 28-30-нд болно.
М.Бүүвэй