100 саяын хахууль авсан хэрэгт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг яллагдагчаар татав

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АТГ-т шалгуулж буй зарим аймгийн ИТХ-ын болон Засаг даргад яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэрвэгэр жиргэрүүтэй холбоотой хэрэгт, Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт шалгуулж байна. Ц.Мөнхнасан нь уг хэргээсээ гадна ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж, хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Архангайн удирдлагад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч нар НПГ-т хүргүүлсэн аж.

АТГ-ын үүдийг сахиж буй өөр нэг аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нь Баянхонгорынх. Тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас батлан түүнтэй нь АТГ-ын мөрдөгчид танилцуулж гарын үсэг зуруулсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг удахгүй дуусгаж, шүүхэд шилжүүлэхээр болж буйг ч хэлсэн. Баянхонгор аймгийн удирдлагыг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлснийг бид 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд мэдээлсэн билээ. Тухайн үед эх сурвалжууд “Шалгаж эхэлсэн нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээж байв.

Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцжээ. Барилгын засвар чимэглэл, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус аймагт байдаг “Эко грийн ланд” компанийн захирлаас 100 сая төгрөгийн хахууль ямар зорилгоор авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлсэн хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдоогүй гэнэ.

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон талаар бид мэдээлж байсан билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа /Өнөөдөр сонин/

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх