Пабло Эскобарын баруун гар асан “Popeye” хорт хавдраар нас баржээ

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Колумбын хар тамхины хамгийн том гэмт хэрэгтэн Пабло Эскобарын баруун гар, алуурчин асан “Popeye” хочит Жон Хайро Веласкез Васкез ходоодны хорт хавдрын улмаас 57 насандаа таалал төгсжээ.

Тэрээр шинэ оны өмнөхөн Богота хотын эмнэлэгт хэвтсэн юм. Веласкез нь өөрийн гараар 300 хүний амийг хөнөөж,  өөр мянга мянган аллагыг зохион байгуулснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байжээ.

Тэрээр 1992 онд буюу өөрийн босс Эскобарыг цагдаа нарт буудуулж алагдахаас нэг жилийн өмнө Колумбын тусгай хүчнийхэнд бууж өгч, сүүлд 30 жилийн хорих ял сонссон юм.

Веласкез 23 жил хоригдсоны эцэст 2014 онд хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдаж байв. Суллагдсанаасаа хойш тэр Popeye-Arrepentido нэртэй YouTube сувагтай болж, 1.2 сая хэрэглэгч дагуулжээ. Тэрээр энэ сувгаараа дамжуулан залуу үед гэмт хэргээс хол байхыг зөвлөж, өөрийн туулсан амьдралыг давтахгүй байхыг сургадаг байна. Мөн хэд хэдэн кинонд дүр бүтээж байжээ.

Гэхдээ Веласкез өөрөө гэмт хэргийн ертөнцөөс бүрэн ангижраагүй байв. 2018 онд тэр Эскобарын өв хөрөнгийн зарим хэсгийг одоо эзэмшиж байгаа хуучны хамтрагч нараа айлган сүрдүүлсэн хэргээр цагдаад баривчлагдаж байжээ.

Шоронд хоригдох хугацаандаа Веласкез гэмт хэргийн бүлэгт ажиллаж байсан он жилүүдийнхээ талаар дурсамж ном бичсэн нь сүүлд Нэтфликсийн бүтээлд ашиглагдсан юм.

Р.Төмөр 

Эх сурвалж: Tribunal News Services

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх