ОХУ Энэтхэгт зориулж зенитийн пуужингийн С-400 цогцолбор үйлдвэрлэж эхэлжээ. Энэ тухай ОХУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдээлжээ.
“Орос улс гэрээнд заасан хугацаанд С-400 системээ Энэтхэгт нийлүүлнэ. Ерөнхийдөө талууд гэрээгээр хүлээсэн бүх үүргээ, түүний дотор төлбөр тооцоогоо бүрэн хийсэн. Энэтхэгт мөн сургалтын төв байгуулж байгааг нэмж хэлье” гэж Денис Мантуров цохон тэмдэглэсэн байна. С-400 цогцолбор нийлүүлэх гэрээг ОХУ болон Энэтхэг 2018 оны 10 дугаар сарын эхээр байгуулжээ. Зенитийн пуужингийн хамгийн сүүлийн үеийн цогцолборын таван хороог Шинэ Дели 5.43 тэрбум ам.доллароор худалдан авч байгаа юм.
Энэхүү гэрээ нь Оросын зэвсгийг экспортлогч Рособоронэкспорт” төрийн өмчит компанийн түүхэн дэх хамгийн том гэрээ болсон байна. Энэтхэгт С-400 системийг 2025 оны эхний хагаст нийлүүлж дуусгахаар төлөвлөжээ. С-400 цогцолбор нь агаар-сансрын халдлагын орчин үеийн бүх хэрэгслийг устгах зориулалттай алсын болон дунд зайн тусгалтай зенитийн пуужингийн цогцолбор юм. Уг цогцолборыг нийлүүлэх гэрээг Энэтхэг улсаас гадна Турк, БНХАУ-тай байгуулжээ. Мөн Иракийн эрх баригчид С-400-г худалдаж авах боломжийг хэлэлцэж байгаа аж.
Д.Жаргал