Технологийн салбарын тэргүүлэгч “Alphabet Inc” даваа гаригт 2019 оны дөрөвдүгээр улирлын хөрөнгө, орлогын тайлангаа танилцууллаа. Энэхүү тайлангаар тус компани анх удаа “Google”-ын “Cloud” үйлчилгээ болон “YouTube”-ын зар сурталчилгаанаас орж ирсэн ашгийг танилцуулсан гэдгээрээ онцлог байв.
Видео үйлчилгээ эрхлэгч “YouTube” 2019 онд зар сурталчилгаанаас нийт 15.15 тэрбум ам.долларын орлого олсон байна. Үүний 4.72 тэрбум ам.долларыг өнгөрөгч оны дөрөвдүгээр улиралд олжээ. Энэ тоо 2018 оны мөн үед 3.61 тэрбум ам.доллар байв. Тус компани 2018 онд зар сурталчилгаанаас нийт 11.16 тэрбум ам.долларын ашиг олж байжээ. “YouTube”-ын хувьд 2019 оны тайландаа зар сурталчилгаанаас бусад эх үүсвэрээс олсон орлогоо мэдээлээгүй юм.
Гэсэн ч “Alphabet Inc”-ын санхүү хариуцсан ерөнхий захирал Рут Порат “YouTube”-ын зар сурталчилгаанаас бусад эх үүсвэрээс олсон орлого 2019 оны дөрөвдүгээр улиралд гурван тэрбум ам.доллар давсан болохыг мэдээлсэн байна. Мөн “YouTube”-ын орлогын дийлэнх хувийг тус сайтад видео бэлтгэн оруулдаг хүмүүс бий болгожээ. Шинжээчдийн хувьд “Alphabet Inc”-ын удирдлагуудаас “YouTube”-ын орлогын тайланг тусад нь тайлагнаж байхыг шаардах болсон. Учир нь “YouTube” нь сүүлийн жилүүдэд зар сурталчилгааны салбарын чигийг тодорхойлогч хамгийн том бүтээгдэхүүн болж хөгжсөн юм. Тухайлбал, 2018 онд алдарт “Discovery” медиа компани зар сурталчилгаанаас 10.6 тэрбум ам.долларын орлого олж байв. Харин “YouTube”-ын хувьд 2018 онд зар сурталчилгаанаас 11.16 тэрбум ам.доллар олжээ.
Харин “Google”-ын “Cloud” үйлчилгээний хувьд өнгөрөгч онд 8.92 тэрбум ам.долларын орлого олсны 2.61 тэрбум ам.доллар нь 2019 оны дөрөвдүгээр улирлын орлого байсан аж. Бусад өрсөлдөгчид болох “Amazon” компанийн веб үйлчилгээ болон “Microsoft”-ын “Azure”-тай өрсөлдөх том зорилготой “Google”-ын үүлэн технологийн үйлчилгээ нь 2018 онд нийт 5.84 тэрбум ам.долларын орлого олж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх хэдэн жилийн дотор “Google Cloud”-ын орлого гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Гэсэн ч энэхүү тайланг танилцуулсны дараа “Google” болон “YouTube”-ын толгой компани болох “Alphabet Inc”-ын нэгж хувьцааны үнэ даваа гаригийн арилжааны хаалтын байдлаар 3.5 хувь буурсан байна. Тус компанийн удирдлагад өнгөрөгч арванхоёрдугаар сард өөрчлөлт орж өмнө нь “Google”-ын менежмент хариуцсан ерөнхий захирал байсан Сундар Пичайг Гүйцэтгэх захирлаар томилсон юм. Ингэснээр “Google”-ын үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж, Сергей Брин нар “Alphabet Inc”-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон. Гэсэн ч тэд толгой компанийнхаа хувь эзэмшлийн дийлэнх хувийг хадгалсан хэвээр буй.
Дэлхийн хамгийн том тус компанийн хувьд өнгөрсөн оны турш АНУ-ын хууль, хяналт, санхүүгийн зохицуулах байгууллагуудын хараанд байсан юм. АНУ-ын 50 мужийн Ерөнхий прокуроруудын нэгдсэн аварга хэмжээний баг “Alphabet Inc”-ын үйл ажиллагаа өрсөлдөөн болон монополийн эсрэг хуулийг зөрчсөн эсэх, тэдний “Google”, “YouTube” зэрэг бизнесүүдээс орж ирэх зар сурталчилгааны орлогод хяналт тогтоох зэрэг арга хэмжээг авах болсон.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNBC