Д.Трампын “ЗУУНЫ ГЭРЭЭ”

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Д.Трампын “ЗУУНЫ ГЭРЭЭ”

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Палестин, Израилийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөг танилцууллаа. "Зууны гэрээ” гэгдэж буй баримт бичигт тус хоёр улс харилцан бие биенийгээ хүлээн зөвшөөрөх, Газын зурвас, Иордан голын баруун эргийн бүс нутгаас бүрдсэн Палестины газар нутгийг хурдны тээврээр холбох тухай заажээ. Ингэснээр, Трампын хэлснээр, Палестины газар нутгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх аж. Түүний мэдэгдсэнээр, Иордан голын баруун эргийн бүс нутагт суурьшсан еврейчүүдийн суурингуудыг АНУ хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл 1967 онд Израилийн булаан эзэлсэн газар нутгийг АНУ хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн, Иерусалим нь Израилийн нийслэл байхаар заажээ. 1967 оны Ойрх Дорнодын дайны үеэр Израилийн булаан эзэлсэн зүүн Иерусалим хотыг ирээдүйд Палестин улсын нийслэл гэж палестинчууд өөрсдөө үздэг. Палестинчуудад тусгаар улс байгуулах боломж олгоно гэж төлөвлөгөөнд мөн заасан бөгөөд палестинчуудад олгосон газар нутаг дөрвөн жилийн туршид нээлттэй, эзэмшилгүй үлдэх аж. Энэ хугацаанд палестинчууд Израилтай төрт улс байгуулах хэлэлцээ хийхээр заажээ.

Энэхүү төлөвлөгөөг танилцуулсны дараа олон улсын түвшинд эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байна. Зарим шинжээчид 70 гаруй жил үргэлжилж буй Палестин, Израилийн сөргөлдөөнийг зохицуулах энэ төлөвлөгөөг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньху израилчуудын гайхалтай ирээдүйг зөгнөсөн гэж дүгнэсэн бол Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас "мянган удаа үгүй” гэж онцолжээ. Түүний мэдэгдсэнээр, палестинчууд Израилийн эзлэн түрэмгийллийг зогсоож, зүүн Иерусалимд нийслэлтэй тусгаар улс байгуулахыг төлөөх үзэл бодолдоо үнэнч хэвээр байх болно гэжээ.

АНУ-ын хэд хэдэн төрийн нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан Дэвид Миллер "зууны гэрээ” гэгдэж буй энэ төлөвлөгөө Палестин, Израилийн сөргөлдөөнийг улам хурцатгана гэж үзэж байгаа бол "Eurasia Group” олон улсын судалгааны компанийг үндэслэгч Иэн Бреммер энэ баримт бичиг Ойрх Дорнод дахь газар зүйн нөхцөл байдлыг өөрчилнө гэжээ. Түүний үзэж буйгаар Палестины эрх баригчид Арабын ертөнцийн зүгээс дарамт шахалттай нүүр тулах эсвэл гар хоосон үлдэнэ.
Саудын Арабын хаан Салман Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай утсаар ярьж, палестинчуудын байр суурийг дэмжихээ илэрхийлсэн бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эерэг алхам гэжээ. Египет улс Палестин, Израилд эл саналыг нухацтай судлахыг санал болгосон байна.
НҮБ-ын зүгээс Палестин, Израилийн сөргөлдөөнийг зохицуулахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн баталсан суурь баримт бичгүүдийг мөрдөх нь чухал гэж мэдэгджээ.

Истамбул хотноо палестинчуудыг дэмжсэн жагсаал АНУ-ын Ерөнхий консулын газрын байрны өмнө болов. Тегеран исламын нийгэмлэгт заналхийлсэн энэ хуйвалдааны эсрэг исламын ертөнцийн нэгдмэл байдлыг хангахын тулд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Ираны хувьд Палестины асуудал исламын ертөнцийн хамгийн чухал асуудал гээд 70 жилийн турш хүний эрхийн эсрэг Израилийн хийж буй гэмт хэргийг үл ойшоож ирсэн гэж  онцолсон байна.

Zindaa.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх