"Замын-Үүдийн боомтоор хоёр өдрийн дотор 16 автобус, 5 вагон хүн орж ирсэн"

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

БНХАУ-д шинээр илэрсэн коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор тус улсад сурч, ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэдийн дийлэнх нь эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор, хил нэвтрэх хүсэлтэй Монгол иргэд БНХАУ-ын Эрээн хотод ихээр ирж байгаа ажээ. Тийм учраас Гадаад харилцааны яамнаас нутаг буцах хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, Зам тээврийн яам, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, энэ сарын 29 буюу өчигдөр өдрийн 15.00 цагийн байдлаар 640 гаруй Монгол иргэн эх орондоо иржээ.

Энэ талаар бид Гадаад харилцааны яамнаас тодрууллаа./

-БНХАУ-д амьдарч, аялж байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг Монголд авч ирж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн Монгол иргэн ирсэн байна бэ?

-БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь хоёр улсын Консулын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, Замын-Үүдийн боомтоор энэ сарын 28, 29 буюу өчигдөр, уржигдар хоёр өдрийн байдлаар нийт 16 автобус, 5 вагон хүн орж ирсэн. Тэдний дийлэнх нь Монгол иргэд. Ер нь шинэ төрлийн коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа иргэд олон байна.

-Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирэх хүсэлтэй, Эрээн хотод байгаа иргэдээ ямар байдлаар оруулж ирж байгаа юм бэ?

-Энэ сарын 28-нд л гэхэд зургаан автобус гаргаж, 400 гаруй Монгол иргэнийг хил нэвтрүүлсэн.  Харин өчигдөр өдрийн 15:00 цагийн байдлаар нийт 10 автобус гаргаж, 640 орчим монгол иргэнийг хил нэвтрүүлсэн байгаа. Мөн зарим иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

-Халдварын голомттой улсаас ирж байгаа учраас халдвартай байх эрсдэл өндөртэй гэсэн үг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байгаа.

-Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа ч ирж чадахгүй байгаа иргэд хаана хандах ёстой вэ?

-Хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэд өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх эсвэл https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдах хэрэгтэй. Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Монгол иргэдийнхээ эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Элчин сайдын яам болон Ерөнхий консулын газруудтай холбоо барьж зөвлөгөө мэдээлэл, тусламж, дэмжлэг авах боломжтой.

  • Бээжин дэх ЭСЯ - 15210304468
  • Хөх хот дахь ЕКГ - 15754936989, 04714902262
  • Шанхай хот дахь ЕКГ - 13162982707, 13162982596, 2168473255
  • Эрээн хот дахь КГ - 15647964334

-Ухань хотоос оюутнуудаа авч ирэх асуудал юу болсон бэ. Нот бичгийн хариу ирсэн үү?

-Хариу одоогоор ирээгүй байна. Оюутнуудыг авч ирэх онгоц болон мэргэжилтнүүд бэлэн болсон. Хариу ирэнгүүт нисэхэд бэлэн байгаа.

-Оюутнуудын нөхцөл байдал ямар байгаа вэ. Ямар нэгэн байдлаар өвчний шинж тэмдэг илэрсэн хүн бий юу?

-Байхгүй. Байнгын эмчийн хяналтанд байгаа. Бээжин дэх Элчин сайдын яам ажлын хэсэг гаргачихсан. Оюутнуудтайгаа холбоотой байна. 

Т.ГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: ZALUU.COM

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх