Монголд КОРОНАВИРУС илрээгүй, илэрсэн ч НУУХ БОЛОМЖГҮЙ

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа шинэ коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн тоо 213-д хүрээд байна. Харин уг вирусээр халдварласан 9816 тохиолдол бүртгэгдээд байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. (2020.01.31)

Монгол Улсад коронавирусийн халдвараар өвчилсөн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Хэдийгээр нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ч Монгол Улс коронавирусээр халдварлах өндөр эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор багтаж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Харин олон нийтийн сүлжээнд “Монголд коронавирус хэдийн илэрсэн, төр засгийнхан нууж байна”, “Коронавирусээр дөрвөн хүн халдварласан, нэг нь нас бар барсан” зэрэг мэдээлэл түгжээ. Энэхүү ташаа мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж, айдаст автуулж байна. Тэгвэл эл мэдээлэл ташаа, худал гэдгийг холбогдох хууль, хяналтын байгууллага, Засгийн газрын зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа. Нөгөө талаараа шинэ коронавирус Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй, бүртгэгдсэн ч нуух боломжгүй гэдгийг хэлж байгаа юм.

Учир нь, коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн орны төр, засгийнхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай /ДЭМБ/ хамтран ажиллаж, тусламж дэмжлэг авч байгаа билээ. Нөгөө талд энэ төрлийн вирус бүртгэгдээгүй, халдвар тархах өндөр магадлалтай орнууд ч заавар, зөвлөмж авч ажиллаж байна. Түүнчлэн коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тухайн улс, орон дэлхий нийтийг цочирдуулаад байгаа энэхүү вирустэй дан ганцаараа тэмцэх гэхээсээ илүүтэй ДЭМБ-ын тусламж, дэмжлэгийг авахыг урьтал болгож байна. Энэ ч утгаараа Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд нуух ямар ч боломжгүй, шаардлагагүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байгаа билээ.

Харин 2019 онд Монгол Улсад томуу, томуу төст өвчний вирусээр өвчилж, хүндэрсэн 400 гаруй иргэн нас барсан гэсэн мэдээлэл бий. Өнөөдөр ч энэхүү өвчлөлийн дэгдэлт ид өрнөж байна. Энэ бүх шалтгаанаас үүдэж, мөн коронавирусийн халдвар тархах өндөр магадлалтай гэдэг үүднээс сургууль, цэцэрлэг болон их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Дээр нь олон нийтийн арга хэмжээ болон цагаан сарын барилдаан зэргийг хязгаарлах шийдвэрийг төр, засгийнхан гаргаад байгаа билээ.

Тиймээс батлагдаагүй, ташаа мэдээллээс үүдэн айдас түгшүүрт автах бус, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ авч, хариуцлагатай хяналттай байх нь шинэ коронавирус төдийгүй томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө, гэр бүлээ сэргийлж чадах юм.

Б.Эрхэс  

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх