Н.Золжаргалын хэргийг дутуу шалгасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрх мэдлээ урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-ны 10.00 цагаас эхлэн гурван өдөр хэлэлцээд өчигдөр шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцуулав. Тус шүүхийн шүүгч Л.Галбадар даргалан улсын яллагчаар НПГ-ын хяналтын прокурор Ц.Сүхбат, Б.Мөнх-Од, шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр хүн болон иргэний хариуцагч арилжааны дөрвөн банкны төлөөлөл, тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан маш нууц байдалд хэлэлцсэн юм. НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн 2019 оны аравдугаар сард тус шүүхэд шилжүүлснээс хойш удаа дараа янз бүрийн шалтгаар хойшлуулсаар байсан хэргийг хаалттай хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр прокурорт буцаав. Маш удаан хугацаанд шалгасан энэ хэргийн чухам юу нь дутуу болоод буцааж буйг хэлэх хүн алга. Учир нь нууцлах шаардлагагүй, бүх зүйл нь ил болсон хэрэгт “маш нууц” гэх тамга дарсантай холбоотойгоор мэдээллийг “дарж” байгаа юм.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри руу мөнгө шилжүүлсэн. Уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа маш нууц тушаал гарган гадаад, дотоодын арилжааны банкуудтай хэлцэл байгуулж мөнгө шилжүүлсэн гэх хэргийг нь уншигчид мэдэж буй. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Маш нууц” дардастай тушаал гаргаж, Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлэх үйлдлээ төрийн нууцад хамааруулсан байдаг. Төрийн нууцын тухай хууль зөрчиж, хууль бус үйлдлээ халхавчлан Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хууль сахиулах байгууллагынхны хамтарсан шалгалтын дүнд тодорхой болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төвбанкны тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Мөрдөгчид энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг нь тогтоож Монголбанкны одоогийн удирдлагад шаардлага хүргүүлж, Улаанбаатар хотын банканд хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг яаралтай буцаан авахыг сануулж байв.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх