Хаалттай жагсаалт халаасанд нь бий

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Улс төрийн намуудад сонгогчийн нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр нэг удаа олгохыг хуульчилсан. Ингэснээр сонгогчид хэнд санал өгч байсан тухай мэдээлэл нэр дэвшигчдийн гарт орж буй хэрэг” гэж Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөр хариуцсан менежер, судлаач Д.Энхцэцэг өгүүлсэн юм. Сонгогчдыг хэнд санал өгч байгааг нь тандахын тулд нэр дэвшигчид үүнийг ашигладаг байж мэдэх нь. Үнэндээ сонгогчийн нэрийн жагсаалтыг хүссэн улстөрчдөд өгөөд байх нь зөв үү, эсвэл иргэдэд ил тод, нээлттэй байлгах хэрэгтэй юү?

ИРГЭДИЙН ЭРХ БА УЛСТӨРЧДИЙН ЭЗЭГНЭЛ

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гэр бүлийнхнээс нь өөр хэн нэгэн тухайн хаягт бүртгэгдсэн, эсэхийг хянах боломжийг иргэдэд олгож байв. Энэ үеэр “Сонгогчдын боловсрол төв”-ийнхөн нэрийн жагсаалттай холбоотой санал, хүсэлт авах шууд утас ажиллуулахад “Оршин сууж байгаагүй хүмүүсийг манай хаягт бүртгэсэн” гэх гомдол хамгийн олон ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, сонгогчийг зохиомлоор бүртгэсэн байх магадлалтай гэсэн үг.

Харин энэ удаагийн сонгуулиар иргэд өөрийнх нь оршин суугаа хаягт хүн нэмж бүртгэсэн, эсэхийг хянах боломжгүй юм байна. Тодруулбал, цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заажээ. Боломжийг хангана гэснээс биш, мэдэх эрхтэй гэх тодорхой зохицуулалт тусгаагүй. Өөрт хамаатай гэдэг нь нэр, хаяг, регистрийн дугаар, нас, хүйс зэргийг л зөв бичсэн, эсэхийг шалгана гэсэн үг аж. Тэгэхээр сонгогчийн нэрийн жагсаалтыг хянах иргэдийн эрхийг өөрсдийгөө бодсон улстөрчдийн сонирхол “гишгээд” гарсан гэлтэй.

Сонгогчийн нэрийн жагсаалтыг нууцалдаг орон дэлхийд ховор аж. Эстони, Италид гэхэд уг жагсаалтыг зөвхөн сонгуулийн үеэр ч бус, нийтэд байнга ил тод харагддаг байхаар хуульчилсан байдаг гэнэ. Иргэд нь ч сонгогчийн нэрийн жагсаалтыг ил болгох, сонгуулийг олон нийтийн хяналтгүй явуулахын аль нь илүү эрсдэлтэйг дэнсэлж чадсан бололтой. Гэхдээ нэрийн жагсаалт дахь мэдээллээс алийг нь ил болгохыг нарийвчлан тусгах нь мэдээж.

ГЭРИЙН ХАЯГ ХУВИЙН НУУЦ БИШ

Сонгогчийн нэрийн жагсаалтад таны эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээлэл багтдаг. Гэтэл сонгуулийн үеэр зурвас илгээх, хэнд саналаа өгдгийг нь мэдэх зэргээр нэр дэвшигчид үүнийг ашигладаг байх магадлалтай. Бүр гар утас руу нь залгаж, санал өгөхөд нь нөлөөлөх оролдлого хийж байсныг илтгэх мэдээллүүд цөөнгүй бий. Уг нь тухайн хүний нэр, оршин суугаа газрын хаягийг ил болгож, зөв хүн бүртгэсэн, эсэхийг хянах эрхийг олон нийтэд олгосон бол улстөрчдийн хийдэг хууль бус үйлдэл багасах боломжтой гэж судлаачид үзэж байна. Гэвч гэрийн хаягийг нууцад хамаарах мэдээлэл гэж иргэд ойлгодог учраас төрийн бус байгууллагууд энэ талаарх санал, хүсэлтээ холбогдох албаныханд тавьсан ч тодорхой үр дүнд хүрдэггүй гэнэ.

Уг нь Хувь хүний нууцын тухай хуульд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж заасан байдаг. Үүнд захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууцыг хамруулдаг аж. Тодорхой хэлбэл, өргөдөл, шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, бие эрхтний гажиг, нийтэд аюултай халдварт өвчнөөс бусад өвчин туссан тухай мэдээлэл, эд хөрөнгө, оюуны өмч, тухайн хүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл юм. Түүнчлэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад ямар мэдээллийг ил болгож болохгүйг заасан нь бий. Тухайн мэдээлэл ил болсноор хуулиар хамгаалсан эрх ашиг нь ноцтой хохирно гэж үзэж байгаа бол хохирлыг нь үнэлгээгээр тогтоох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, иргэний гэрийн хаягийг ил болгосноор ямар хохирол учрахыг тодорхой болгох ёстой.

АЛДАА ДАВТАГДАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА

Регистрийн дугаарынх нь нэг үсгийг сольж, хүйсийг нь өөрчлөн, тухайн хаягт хоёр хүн бүртгэлтэй мэтээр бичсэн тохиолдол 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарчээ. Ижилхэн нэртэй эрэгтэй, эмэгтэй нэг гэр бүлийн хүмүүсийн регистрийн дугаарынх нь үсэг л өөр байсан нь сэжигтэй санагдсан учраас үүнийг зөрчил болохыг Нээлттэй нийгэм форум, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагынхан баталгаажуулж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна. Гэвч хэн нэгэн хариуцлага хүлээсэн, эсэх нь одоо хүртэл тодорхойгүй. Ийм зөрчил өнгөрсөн сонгуулиудын үеэр хэд гарсныг таашгүй.

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн дарга Г.Хэрлэн “Өмнө нь интернэт сүлжээнд бүх аймаг, нийслэл холбогдоогүй байсан учраас нэрийн жагсаалттай холбоотой зөрчил их гарсан байх. Иргэний мэдээллийг гараар шивэхдээ хорооны бүртгэгч алдаа гаргасан байж магадгүй. Одоогоор улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 330 сумын 275 нь хамрагдаад байгаа. 2020 оны сүүлч гэхэд үлдсэн аймгийг холбож дуусгахаар төлөвлөж байна. Сонгогчийн бүртгэлийн мэдээллийг бүгдийг нь цахимаар солилцож, хянана гэсэн үг. Тэгэхээр нэг иргэний регистрийн дугаарыг өөрчилж, дахин бүртгэх зөрчил гарахгүй” гэж тайлбарлаж байна.

Гэвч бүх аймгийг цахим сүлжээнд холбох ажил нь сонгуулиас өмнө дуусахгүй гэнэ. Өмнөх сонгуулийн үеэр ч иймэрхүү маргаан үргэлжилсээр байтал одоо хүртэл бүртгэлийн нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдоогүйг хоцрогдол гэж буруутгахаас аргагүй. Иргэдэд хаалттай ч улстөрчдөд нээлттэй нэрийн жагсаалт ирэх сонгуулиар ямар маргаан дагуулахыг хэлэхэд эрт байна.

Г.Баясгалан

Эх сурвалж: Өнөөдөр сонин  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх