Улаанбаатар хот, 21 аймгийн төв, хоёр хотод ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллэдэг байдлаас гаргаж 143 цэцэрлэг, 117 сургууль, 34 дотуур байр, 37 спорт заалны барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан нь ард түмнийхээ үр хүүхдийн амжилттай суралцах, амьдрах үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Ё.Баатарбилэг сайд, түүний багийнхны ажил хөдөлмөрийг бахархан харж, сонсож баярлаж байдаг хүмүүс цөөнгүйгээр барахгүй үр хүүхэдтэй хүн болгон баярлаж байна. Ирэх онд тохиох улс хувьсгалын 100 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын маань чимэг болсон Төв номын сан, драмын болон дуурийн театруудын барилгуудын өнгө, дүр төрхийг өөрчлөлгүй, тус бүрт нь хоёр тэрбум төгрөг баталж газар хөдлөлтөд тэсвэртэй болгож бэхэлгээ хийж бүрэн засварлах болсонд урлаг соёл, түүхээ хайрлаж, дээдэлдэг хүн болгон сэтгэл хангалуун байна. Аюултай халдварт өвчин урд хөршид гарч үндэсний аюулгүй байдалд заналхийж байгаа өнөө үед Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтарч таны яамны ажлын баг унтах нойр, идэх хоолоо хагаслан чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа нь түмний санаанд нийцсэн сайхан ажил болж байгааг бид бэлхнээ харж байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт зах зээлийн нийгмийн харилцаанд тохируулсан өөрчлөлт шинэчлэлийг хийхээр холбогдох дүрэм заавраа өөрчилж шинэ арга барилаар ажиллаж эхэлж байгааг таны багийнхны удирдлагад ажилладаг ЕБС, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлага, хамт олон сайн мэдэх юм. Ажлын байргүй, мэргэжил мэдлэгээр муухан дээд мэргэжилтнийг алсын хараа төлөвлөлтгүй бөөн бөөнөөр нь үйлдвэрлэн төгсгөж байгаа буруу жишгийг халж мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд эрчимтэй ажиллаж суралцах зардлыг нь 100 хувь хөнгөлж, тэтгэлэгтэй сургаж төгсгөж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, мөн Таны удирдсан яамны хамт олон ажиллаж байгааг эрүүл сэтгэлгээтэй монгол түмэн бүгд сайшаан дэмжиж байна.
Гэрэлтэй гэрэлгүй гудамжаар хол замыг туулж сургуульдаа хүрдэг хүүхдүүдийн байдлыг үлэмж хөнгөлж сургуулийн (хүүхдийн)автобус гаргаж үйлчилж эхэлсэн нь хүүхдүүд аваар осол хүчирхийлэл, дээрэм, тонуул, өвчин эмгэгт өртөх эрсдлийг бууруулж эцэг, эхчүүдийн сэтгэл санааг амраасан хүсэн хүлээж байсан чухал ажил болсон.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үүдэнд Г.Батбаатарыг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд буцаан томилуулах санаатай, хүн гүтгэж, хууль дүрэм зөрчиж ажил хийлгэхгүй орилолдон зогсож байгаа дөрөв, тавхан хүний үйл ажиллагааны учир шалтгааныг тайлбарлахыг оролдов.
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томил, захирлын албан тушаалд тавь, Ё.Баатарбилэг сайд үүнийг биелүүлэхгүй байна гэж уриа лозонг барьсан сургуулийн нийт ажилчид, багш нарын нэрийг барьсан явдал хэрээс хэтэрч байна.
Ц.Цогзолмаа сайд шийдвэр гаргаж Г.Батбаатарыг албан тушаалаас нь халж шүүхэд өгсөн нь Г.Батбаатарын АШУҮИС -ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа үйлдсэн гэмт үйлдлийн зөвхөн 20 хувь гэлтэй. Хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээллээс харахад,
Нэгд, Г.Батбаатар цөм лаборатори байгуулах нэрийдлээр 5.2 тэрбум төгрөгийн асар өндөр үнэтэй аппарат хэрэгсэл худалдан авсан нь хөдөлшгүй үнэн. Тэрхүү аппаратууд нь анхнаасаа ажиллаж байгаагүй бөгөөд БСШУСЯ-ны ээлжит шалгалтаар илэрч Г.Батбаатарт 1.9 тэрбум төгрөгийн акт тавигдсан. ШУА-ийн эрдэмтээс бүрдсэн шинжээчид ирж мөн дүгнэлтээ тавьж эдгээр тоног төхөөрөмж нь ажиллахгүй болохыг нотолсон. Засуулж, буцаах гэхээр үйлдвэрлэгч нь туршилтаар цөөхнийг үйлдвэрлээд хаагдсан гэдэг. Тус тендерт тухайн үеийн Боловсролын яамны өндөр албан тушаалтны ах дүүсийн компанийг шалгаруулсан ноцтой асуудал яригддаг. Тендерт ялсан “Сама Самади” компани нь нэг хүний компани бөгөөд баталгаат хугацааны засвар үйлчилгээг шаардахаар зугтаж алга болж, эцэст нь сургууль 5.2 тэрбум төгрөгийн алдагдалд орж хохирсон. Энэ нь таван цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэжээ.
Хоёрт, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН гээд найдвартай хадгалагчид байсаар байхад 2017 онд АШУҮИС-ийн дөрвөн тэрбум төгрөгийг Капитал хэмээх дампуурсан банкинд хадгалуулж сургуулиа хохироосон бодлогогүй үйлдэл бас л Г.Батбаатарынх.
Гуравт, Аудит болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас АШУҮИС-д ирсэн шалгалтаар Г.Батбаатарыг 19 тэрбум төгрөгийн худалдан авалтын зөрчилтэй гэж акт тавигдсан.
Дээр өгүүлсэн эдийн засаг мөнгө төгрөг зувчирсан хэргийг шалгалт явуулсан байгууллагууд нь холбогдох газруудад гарсан алдаа зөрчил, актыг хүргүүлсэн ч ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй дарагдсаар байна.
Дөрөвт, Г.Батбаатар анагаах ухааны боловсролгүй хүнд АШУҮИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэж эзэмшүүлсэн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанаас явуулсан шалгалтаар илэрч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн боловч энэ хэрэг бүдгэрэн дарагдах шатандаа оржээ. Хүний амь насыг ямар ч сургууль төгсөөгүй, мэргэжил олоогүй, мэдлэггүй хүн хамгаалж болох уу, энэ бол том гэмт хэрэг юм. Ганц энэ хэрэг гэхэд тэрийг буцааж тавих ямар ч боломжгүйг харуулж байна.
Тавд, Г.Батбаатартай холбоотой тун таагүй мэдээлэл цахим орчинд гарч байгаа. Өргөдөл гомдол бариад сургуулиар нь явж байгаа хүмүүс ч байгаа гэдгийг сургуулийнхан нь хэлж байна. Хэрэв энэ үнэн бол юун их сургуулийн захирал хийх…
Зургаад, өнөөгийн АШУҮИС-ийн эмнэлгийн захирал А-г өөрийн төрсөн өдөртөө урьчихаад бусадтай хамтран зодож гэмтэл учруулсан. Эдгээр хүн бүгд тэнд зогсож байсан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байсан боловч мөн л дараад өнгөрсөн бололтой, энэ талаар хэвлэл мэдээллээр ч гэсэн мэдээлж байв. Сургуулийнх нь тэнхим нь тэнд оролцсон нэг багшид ёс зүйн хариуцлага тооцож тэнхмийн эрхлэгчээс нь чөлөөлсөн сурагтай.
Долоод, Г.Батбаатар АШУҮИС-д ажиллаж байгаагүй хүнд цалин олгож байсан нь шалгалтаар илэрч акт тавиулсан мэдээлэл нь гарч байсан.
Наймд, ажил үүргээ гүйцэтгэж нойр хоолгүй зүтгэж яваа жирийн түргэний эмчийг автомашинтай нь мөргөж авто осол хийчихээд хэл амаар доромжилж аархаж “Чи иймдээ түргэний эмч хийж яваа” гэж аархаж байсан нь багш хүнд байх ёсгүй үйлдэл, авир гэж хүмүүс зэвүүцэн тэр мэдээг сошиалаар харж байсан.
Энэ мэт гэмт үйлдэлтэй, эс үйлдэлтэй нь тогтоогдохгүй, хууль өөрт нь үйлчлэхгүй байгаад эрэмшсэн Г.Батбаатар төрийн сайдын ажлыг зааж болохгүй л байх. Шүүхээр ялсан гэх нь хэр бодитойг мэдэхгүй боловч ёс зүйн алдаа гаргаж, төрийн өмч, хөрөнгийг шамшигдуулж, хүний эрхэнд халдсан хүн энэ бүх алдааг гаргаж байсан албан тушаал дээрээ эргэж очих гээд байгаа нь цаана нь асар том эрх ашиг байгаа юм болов уу гэсэн ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа учир ийнхүү бичив. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн алдаа гаргасан хэн боловч төрийн албанд байх учиргүй гэж ярьж байна. Короновирусын халдвар гарч улс орон даяар хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар нойр хоолгүй ажиллаж байгаа БСШУС-ын сайд, мэргжилтнүүдэд дэмжин туслахын оронд ажилд нь саад учруулж, дарамт үзүүлж хувийн эрх ашгаа дээгүүр тавихаа болимоор юм. Учир юун хэмээвээс гарын таван хуруунд хүрэхгүй учраа мэдэхгүй яваа нөхдийн шаардлага хавчлагаас үл хамааран сайд Ё.Баатарбилэг та хийх ёстой ажлаа зоригтой эрчимтэй үргэлжлүүлэхийг АШУҮИС-ийн багш ажилтнуудын үнэмлэхүй олонхи нь хүсэж байгаа гэдгийг дуулгах нь зүйтэй. Г.Батбаатарыг ч төрийн сайдын түмэн олны ажилд саад болохгүй байгаагаасай гэж сургуулийнхан нь хүсэж байна.
Эх сурвалжийг эрүүл мэндийн салбарынхан болон олон нийтэд хүрсэн мэдээлэл буюу www.zaluu.com, ubilife.mn, sharmedee.mn, fact.mn…зэрэг хэвлэл мэдээллийн сайтуудаас авсан болно.
Б.Оюун-эрдэнэ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин