Хэргийн газраас олдсон эд мөрийн баримт тагнуулын ажилтнууд дээрэм хийснийг баталжээ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Манай улсын харьяат М, ОХУ-ын иргэн Г нарыг нэлээд хэд хоногийн өмнө тагнуулын ажилтнууд дээрэмдсэн хэрэг гарсныг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд цацав. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын тангараг өргөсөн ажилтнууд гэмт хэрэг өдүүлсэн нь байж боломгүй үйлдэл. Тагнуулын ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтнууд болох 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар дээрх хоёр хүний 50 000 ам.доллар, 2500 еврог дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Эх сурвалжуудын мэдээлснээр хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг нарийвчлан шалгахад тагнуулын байгууллагад бүртгэлтэй эд зүйл болох нь батлагдсан бөгөөд улмаар хамтран шалгалтаа нарийвчилснаар дээрх дөрвөн хүн үйлдсэнийг тогтоосон гэнэ. Хэрэгт холбогдоод буй тагнуулын тусгай бүлгийн ажилтнууд ч гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж.

Энэ талаар ЦЕГ-аас “Хэд хоногийн өмнө тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилж, өдгөө Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байгаа. Галт зэвсэг хэрэглэсэн гэдэг нь ташаа” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин Тагнуулын ерөнхий газраас “ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хүргэж байна. Тагнуулын байгууллагын алба хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна” гэсэн мэдэгдэл гаргасан юм. Бидэнд олдсон мэдээллээр дээрмийн хэргийн хохирогч ОХУ-ын иргэн болон манай улсын харьяат эр их хэмжээний мөнгөн ус худалдах, худалдан авахаар тохиролцон, наймаагаа хийх гэж байхад нь тагнуулын ажилтнууд очиж мөнгийг нь авч явсан гэнэ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх