Цэцийн дарга асан Д.Одбаяр Монгол Улсын нэрийг хэрхсэн бэ

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр 2019 оны арванхоёрдугаар сард өөртэй нь холбоотой үүссэн асуудлыг олон улсын шүүх хэлэлцдэггүй. Тиймээс Монгол болон Солонгосын шүүхэд хандахаар  бэлтгэл ажлаа хангасан гэж байсан. Тэгвэл энэ асуудал хэрхсэн бол. Тэр үнэхээр шүүхэд хандаад өөрийнхөө болоод Монгол Улсын нэр хүндийг "цэвэрлэсэн” үү. Хэрвээ тийм бол буцаад Үндсэн хуулийн дарга болохгүй юм байх даа...

Монголчууд бид олны анхаарлыг татсан аливаа асуудлыг тухайн үед сонирхон, сонжиж, дүгнэлт хийж байгаад л мартчихдаг. Яг энэ зарчмаар Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярын асуудал ч мартагджээ.

Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын хувиар 2019 оны арваннэгдүгээр сарын эхээр эх орноо төлөөлөн Индонез улсад болсон Олон улсын цэцийн гишүүдийн хуралд оролцохоор зорчихдоо "Кореан эйр” компанийн онгоцны үйлчлэгчийн биед зөвшөөрөлгүй хүрсэн асуудалд нэр холбогдсон. Хурлаа дуусгаад буцах замдаа БНСУ-ын талд үлдэж, байцаалт өгч, торгууль төлж эх орондоо ирсэн. Түүний энэ үйлдлийг тус улсын хэвлэлийн байгууллагууд болон иргэд буруутгаж, монголчууд бид ч эх орныхоо нэрийг гутаасан Д.Одбаярыг "яаж ч мэдэх”-ээр байсан нь саяхан.

Юутай ч түүнийг ирсний дараа Үндсэн хуулийн Цэцээс "зайлуулах”-ыг олон нийт шаардсан ч мань даргын ажлаа өгч, Үндсэн хуулийн гишүүн гэх алдар, ажилтайгаа үлдсэн.

Түүгээр ч зогсохгүй Д.Одбаяр "Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл "Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. "Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад "Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би "Хүн андуурч дээ л…” гэж бодсон. Нүдний шилтэй, шилгүй хоёр хүнийг андуурахдаа яах вэ дээ гэж уур ч хүрлээ. Тэгээд уучлалт гуй, гуйхгүй гэсэн яриа болж байснаа "хэрвээ уучлалт гуйхгүй бол цагдаа дуудна” гэсэн. Би шууд л "дууд, харин та нарыг хүн гүтгэлээ гэж цагдаад чинь хэлнэ, дууд” гэсэн. Ингээд миний зөвшөөрснөөр цагдаа дуудахаар болсон. Цагдаа дуудахыг зөвшөөрсөн бичгэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан” хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Ингээд мань хүн Үндсэн хуулийн Цэцийн даргын суудлаа өгчхөөд Монгол болон Солонгосын шүүхэд хандахаар  бэлтгэл ажлаа хангасан гэж байсан. Гэтэл өнөөдөр яагаад чимээгүй байна вэ гэдэг нь олны анхаарлыг татахаас аргагүй. Учир нь түүнийг энгийн иргэн Д.Одбаяр гэхээс илүү Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг байдлаар солонгосчууд хүлээн авсан. Түүний үйлдлээс болж монголчуудын нэр хүнд хаа сайгүй "шороотой” хутгалдсан. БНСУ-д сурч, ажиллаж байгаа иргэд ч Монгол гэж хэлэхээс ичиж, бүр зарим нь айх болсон тухайгаа ч цахим орчинд үлдээж байсан. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр үнэхээр "Кореан эйр” компанийн үйлчлэгчийн өгзгөнд хүрээгүй юм бол өөрийнхөө ч улсынхаа ч нэр төрийг сэргээх хугацаа нь болсон л баймаар юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх