АНУ, ОХУ зэрэг олон улсын шилдэг тулаанчид манай улсад ирнэ

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээнээ 02-р сарын 01-ний өдөр “АСА Цирк”-д Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах талаар бид өмнө мэдээлж байсан. Тус өдрийн оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар тулалдах нь тодорхой болоод байгаа.

Харин бусад тулаануудын оноолт эхнээсээ тодорч эхлээд байна. Энэ өдрийн дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита нар тулалдана. Мөн “MFC”-ийн анхны тулаанд оролцож байсан “Ангууч” хочит Б.Баттөр энэ удаагийн тулаанд эргэн ирэх бөгөөд мөн Японы тамирчинтай хүч үзнэ.

Японоос гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстан улсуудаас холимог тулааны шилдэг тамирчид ирэх аж. Тухайлбал “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин ирж, Э.Даваабаяртай тулалдана. Магомедын хувьд Дагестан гаралтай бөгөөд “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан юм.

Одоогоос 2 жилийн өмнө “One Championship” холбоонд тулалдаад амжсан манай улсын хүнд жингийн шилдэг тамирчин Т.Ариунболд “MFC-3” тулаанд мөн л өнгөт арьст тамирчны эсрэг нүүр тулахаар болжээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Ламар Госи манай Т.Ариунболдод өөрөө тулалдах санал тавьсан байна.

Эдгээрээс гадна “MFC” холбоонд 2 ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC” холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг – Ямайкын Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи – А.Тэмүүлэн нар тус тус хүч үзнэ. “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх 7 хоногоос худалдаанд гарах гэнэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх