Дурлалд хязгаар бий

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Дурлал гэдэг хүний сэтгэлийг сэргээх ид шидтэй зүйл. Гэхдээ хайрыг гүйцэхгүй л дээ. Хүн хэдэн ч удаа, юунд ч дурлаж болдог гэх ч дурлаж болохгүй, эсвэл хориотой зүйл гэж бас бий. Өнөө цагт казинод сэтгэл алдран дурлаж бүр болохгүй. Тэр тусмаа томчууд буюу улстөрчид. Улстөрчид казинод дурлавал улс орон ч сүйрч мэднэ. “Нөгөө Цэвээн яалаа” гэдэг шиг тээр жил төрийн гурван өндөрлөгийн хоёр нь яалаа...

Ангийн андуудаа дурлалд автаад байгааг мэдсэн юм шиг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албан хаагчийг ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд шууд ажлаас нь чөлөөлж байх хуулийн заалтыг нэмж оруулах шаардлага бий болсон” гэж өнгөрөгч оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газрын хуралдааны үеэр зоримог гэгч нь мэдэгдсэн. Түүний тэмдэглэн мэдэгдсэн энэ асуудал нийгэмд бас нэгэн хүлээлт байсан гэхэд болно. Учир нь казино тоглох, эс тоглох нь хэдийгээр хувь хүний эрх ч төрийн өндөр алба хашиж байгаа нөхөд албан томилолтоор явахдаа тоглох нь хориотой бөгөөд тэд хэзээ ч өөрийнхөө мөнгөөр тоглодоггүй гэдэгт л асуудал байгаа юм.

Тэрээр УИХ, Засгийн газар, төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд гадаадад айлчлах үеэрээ мөрийтэй тоглоом тоглож ёс зүйн алдаа гаргаж байгааг онцлон нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ салбар яамдад нь хүргүүлж байсан. Тухайлбал, ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ” ХХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр ч гарсан байдаг.

Казино тоглосон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай ярьсаар байхад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга бас энэ асуудалд холбогдоод амжив. Тэрээр Австрали улсын Сидней хотод казино тоглосонд нь “Бүлгийн дарга бүдүүн зүрх гаргалаа.” гэх зэмлэлийг намын гишүүдийн зүгээс хүртээж байгаа сурагтай. Түүнтэй хамт шохоорхолцсон хоёр нөхөр бий. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, тус улсад суугаа Элчин Сайд Б.Чулуунхүү нар.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын тухай УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Д.Эрдэнэбат гишүүн “сонирхож” казинод орсон гэж хэлсэн. Одоогоор тодорхой баримт алга. Юу сонирхох нь хувь хүний асуудал. Яг тоглосон нь нотлогдоогүй бол хариуцлага ярихад хэцүү. УИХ-ын гишүүн казиногоор ороод судлаад, гарч болно. Аль газраар орох нь хүний эрхийн асуудал. Ороод мөрий тавиад тоглох, сонирхох хоёр чинь өөр... гэж хэлсэн.

Төрийн өндөр албан тушаалтнууд ийнхүү шил шилээ даран казинод дурлав уу. Ёс зүйн алдаа гаргасан нь нотлогдсон тохиолдолд тэдгээр казиночдод хариуцлага тооцох нь дамжиггүй. Гэхдээ нөхдүүд тоглоогүй гэж хэлж байгаа.

Ер нь казиночид олшрох, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож байгаа нь нийгэмд таагүй уур амьсгал бүрдүүлнэ. Харин улстөрчид казиногийн хууль хэрэгтэй хэрэггүй, батлах эсэх тухай ярих байх. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үүгээр зүглэхийн ч хэрэгггүй. Эс тэгвэл хэдэн жилийн өмнө Хадгаламж банкны эдийн засагч Ц.Чимэдцэрэн банкныхаа 14 тэрбум төгрөгөөр казинодож тэр хэрэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэр холбогдож шүүхээр шийтгэгдэж байсан шиг юм болно. Хэрэв дээрх нөхдүүд казино тоглосон нь нотлогдвол МАН-ын УИХ, Засгийн газар хэрхэх нь олон нийтэд сонирхолтой байгаа нь ч нууц биш.

Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр “Над шиг алдаа л биз. Эрэг нурдаг, эр хүн алддаг” гээд толгойг нь илэх нь үү харж, хүлээе. Уг нь нэр бүхий нөхдийн юм юманд хутгалдаж, дурлаж, сонирхож шохоорохдог нас ч биш сэн. Нөгөөтэйгүүр казиног эдийн засгийн үр өгөжтэй гэж харж буй бол харалган бодлого гэж хэлэх нь зүйтэй байх.

С.Туул

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх