ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
"Миллениал”, " z үеийнхэн” гэдэг нэршилд дасаж амжаагүй байдал тэдний араас шинэ үе гарч иржээ. Энэ бол альфа үеийнхэн. 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд альфа үед хамаарч байгаа юм. Үеүдийг цагаан толгойгоор тоолж байсан хуучин тооллоор цагаан толгойн үсэг дуусч /Z үеэр/, хүн төрөлхтөн шинэ цагаан толгойг эхлүүлж байгааг тодотгох үүднээс Альфа буюу А үе гэж нэрлэжээ.
Судлаачдын онцолж байгаагаар, эдгээр хүүхдүүдийн оюун ухаан аль ч үеийнхэнтэй адилгүй, мөн тэд ямар хүн болж, үнэт зүйлс нь юу болох нь хараахан тодорхойгүй. Гэхдээ нэг талыг барьсан дүгнэлт хийхэд хэтэрхий эрт бөгөөд харин үүний оронд тэдний нийтлэг шинж байж болох зан чанаруудыг судлаачид гаргажээ.
1. А үеийнхэн бие даасан байдалд дуртай
А үеийнхэн бага наснаасаа л төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж ашиглаж, уншиж, бичиж сурахаасаа ч өмнө юүтүб хуудас ашиглаж сурч байгаа нь үнэн. Тиймдээ ч энэ үеийн хүүхдүүд багаасаа л юу сурах, цахим ертөнцөөр юу үзэхээ сонгож сурах бөгөөд тиймээс тэдэнд сонголтын эрх чөлөө нэн чухал. Шинэ үеийн хүмүүс хүн бүрт олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн хуудас байдгийг мэднэ.
Үүн дээр нэмж өгүүлэхэд, өнөө цагийн хүүхдүүдийн 90 орчим хувь нь хоёр настайдаа ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаа бол таван хүүхэд тутмын нэг нь 3-4 насандаа ухаалаг төхөөрөмжтэй болж байгаа гэсэн судалгаа бий. Тиймээс А үеийнхнийг өсч том болоход тэд өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн бий болгосон онцгой орон зайд амьдардаг болох нь.
2. Тэд бодит болон виртуал ертөнцүүдийг салгадаггүй
Тоон эрин үед төрсөн хүүхдүүдийн хувьд виртуал болон бодит ертөнцүүд бараг л адилхан. Тэд нэгээс нөгөө рүү чөлөөтэй хөрвөж чадна, учир нь дэлгэцэн дээрх зураг тэднийг хүрээлж буйтай адил гэдэгт тэд хэдийнэ дассан. Одоо хүүхдүүдийн хувьд гар утсаар эсвэл бодитоор мэдээлэл хүлээж авах нь ямар ч ялгаагүй.
Орчин үеийн олон хүүхэд бүр багаасаа л влог хөтлөн, өдөр тутамд өөрт, бусад хүмүүс, дэлхий дахинд юу болж байгааг бусадтай хуваалцаж байна. Ингэхдээ тэд амьдралаа гоёчлох гэж хичээдэггүй. Дэлхий даяар олон сая хүүхдүүдийн шүтээн болсон блогчин Pat04Chek гэхэд л амьдралынхаа тухай ярьж, өдөр тутмын зүйлсийг егөөдөн ярьдаг. Альфа хүүхдүүдийн хувьд баяр гунигаа ойр дотныхонтойгоо төдийгүй хөндлөнгийн хүмүүстэй хуваалцах нь ч чухал.
3. Тэд эцэг эхчүүдтэйгээ учраа сайн ололцдог
Насанд хүрэгчид хүүхдийнхээ хувь тавиланд асар өндөр үүрэг хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаж, хүүхдүүдтэйгээ аль болох их цаг өнгөрүүлэхээр хичээх ухамсартай эцэг эх байх зарчим өнөө цагт ихээхэн дэлгэрсэн. Нью-Йорк Таймс сонины явуулсан судалгаагаар өнөө цагийн эцэг эхчүүд 70-аад оныхтой харьцуулахад хүүхдүүддээ гурав дахин их цаг зарцуулж байгаа гэнэ.
Хари А үеийнхний хувьд эцэг эхчүүдтэйгээ адил төстэй чанар их байгаа бөгөөд тэд хамтдаа цахим тоглоом тоглож, блог хөтөлж байгаа юм. Залуу эцэг эхчүүд өөрсдийн хүч хүрэхгүй байгаа асуудлууд дээр хүүхэддээ "бууж өгөх”-өөс огт эмээхгүй болжээ. Ингэснээр хүүхэд болон томчуудын харилцааг тэгшитгэхийн дээр томчууд давамгайлдаг харилцаа аажмаар буурч байгаа аж.
4. Тэдний ёс суртахууны стандарт өндөр
Альфа хүмүүс аливаа нууц, худал хуурмаггүй ертөнцийг үнэлнэ. Тэдний хувьд чухал хүн тэдэнд худал хэлсэн эсвэл нээлттэй байж чадаагүй бол альфачууд үүнийг тэр дор нь л олж мэдэх бөгөөд энэ алдааг төдийлөн хурдан өршөөхгүй. Олон нийтийн сүлжээ хөгжсөн ертөнцөд бүх зүйл алган дээр байгаа мэт л байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт нууц бүхэн ил болох учир багны цаана нуугдах аргагүй. Түүнчлэн барууны зарим сургуульд баримтыг хуурамч мэдээллээс хэрхэн ялгах тухай тусгай хичээлүүд орж эхэлжээ.
Түүнчлэн орчин үеийн хүүхдүүдийн ёс суртахууны стандарт тун өндөр. Тэдэнд бүр багаас нь экологид анхаарал хандуулах хэрэгтэй, амьтдыг хайрлах ёстой, хог хаягдлыг дахин боловсруулж, хэрэглээндээ ухаалаг хандах ёстойг сургаж байна. Тэд энэ өндөр стандартыг давахыг хичээх бөгөөд бусад хүмүүс ч үүнийг дагаасай гэж хүснэ.
5. Тэд нэг зүйл дээр удаан төвлөрч чаддаггүй
Шинэ залуу үеийнхэнд анхаарлаа удаан төвлөрүүлэхтэй холбоотой нэг асуудал бий. Тэд өдөрт бараг л 10 цаг мэдээлэл авч байгаа, тиймээс энэ их ачааллыг тархи давж гарах ёстой. Альфачуудын ертөнцөд зураг дүрслэл текстийг шахаж, нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нэг секунд болж байгааг судлаачид онцолжээ.
Нэг секунд гэдэг бол тухайн контент сонирхолтой эсэхийг мэдэх хангалттай хугацаа болох бөгөөд тиймдээ ч альфа хүүхдүүд өөрт нь чухал биш, таалагдаагүй мэдээлэлд цагаа үрэхгүй гэж судлаачид өгүүлсэн байна.
6. Хүүхдүүдийн 40 орчим хувь нь дээд боловсрол эзэмшихгүй
Зарим таамаглалаас үзэхэд 2030 он гэхэд 67 мэргэжил устаж үгүй болох гэнэ. Мэдээж шинэ мэргэжлүүд үүснэ, гэхдээ ямар гэдгийг одоогоор таах аргагүй. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөн, эрэлт хэрэгцээтэй байхын тулд ямар чиглэлээр суралцах нь ч ойлгомжгүй болж эхэлсээр. Тиймээс альфачууд ирээдүйд хөлөө олохын тулд чиглэл сонгохдоо зөн совиндоо найдах хэрэгтэй болж байгаа юм. Ийм нөхцөлд тэдний хувьд суурь дээд боловсрол олж авахын тулд 4 жил үрнэ гэдэг хачирхалтай санагдана гэж хүн ам зүйчид өгүүлжээ. Зарим судлаачид альфа хүмүүсийг амьдралынхаа туршид таван өөр төрлийн үйл ажиллагаа, 20 ажил олгогчийг солино, гэхдээ шинэ үеийнхэн өөрсдийгөө хөгжүүлж, сургаснаар харьцангуй боловсролтой үе болно гэдгийг онцолж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар гэхэд л АНУ-ын нийт ажилтнуудын гуравны нэг нь фрилансер буюу цагт, тухайлсан ажлын байранд баригдалгүй ажил хийж байгаа бол 2025 он гэхэд барууны ертөнцийн нийт ажилтнуудын тал хувь нь аль нэг компанид хатуу харьяалалтай ажиллахаа болино гэж судлаачид үзжээ.
7. Альфачууд урт насална
Орчин цагийн анагаах ухаан хурдацтай хөгжиж, амьдралын чанар жил бүр сайжирч байгаа тул орчин үеийн хүүхдүүд 100 түүнээс ч их насалж магадгүй. Макс Планкийн Хүн амзүйн судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн тооцоолсноор энэ онд Германд төрсөн гурван охин тутмын нэг нь 100 насны ойгоо тэмдэглэх гэнэ.
8. Тэд EQ –ээ хөгжүүлэх хэрэгтэй болно
Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, ирээдүйд хүмүүс тэдэнтэй өрсөлдөж магадгүй талаар эрдэмтэд өгүүлдэг. Роботуудтай өрсөлдөх цорын ганц арга бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ юм. EQ гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, эрмэлзлийг таньж мэдэх, ойлгох, бодит даалгавруудыг шийдвэрлэхийн тулд өөрийн сэтгэл хөдлөлийг хянах чадвар юм.
Амжилттай ажиллахын тулд дасан зохицож, мэдээлэлтэй ажиллах, бусад хүмүүстэй огтлолцох цэгийг олох чадвартай байх ёстой гэж олон улсын томоохон ажил олгогчид үздэг. Энэ нь л EQ юм. Тухайлбал, Илон Маскийн багт орохын тулд тусгай цахим тоглоом тоглох шаардлагатай. Энэ тоглоом дээр төрөл бүрийн даалгавар, тухайлбал аливаа зурган дээр дүрслэгдсэн хүний сэтгэл хөдлөлийг тодорхойлох зэрэг даалгавар өгдөг. Тоглоомын дүнг шинжилж, боломжит ажил олгогчид илгээдэг байна.
10. Тэд хөгжлийн хөдөлгөгч хүч болно
Чухамхүү орчин цагийн хүүхдүүд хүмүүнлэгийн зорилтыг тээгчид бөгөөд хөгжлийн хөдөлгүүр болно гэдэг дээр тэргүүлэгч хүн амзүйчид санал нэгддэг. Альфа хүүхдүүд илүү тэнцвэртэй, түрэмгийлэл бага.Түүнчлэн бараг л өлгийтэй үеэсээ боловсрол эзэмшиж эхлэн, бүхий л насаараа суралцах тул урьд өмнөх үеэсээ харьцангуй боловсролтой байх гэнэ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn