Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хятадын компаниудыг дэмжигч Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэлээ

Ч.Улаан гэж урагшгүй сайд байх юм. Түүний намтрыг харахаар насаараа удирдах алба хашиж, төрийн сайдаар зургаан удаа томилогдож, УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Уг нь инженер-эдийн засагч мэргэжилтэй ч очсон салбар бүртээ холион бантан хутгаж, уруудуулж ухаангүй ноён, урагшгүй албат нь болдог. Хамгийн сүүлд тэрбээр жил гаруйн өмнө журмын нөхдөөсөө "Ахынх нь сүүлийн боломж шүү дээ” хэмээн "өвдөг сөгдөн” гуйх нь холгүй өрөвдөлтэй царай гаргаж байгаад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон. Энэ ажлыг авснаасаа хойш албан тушаалаасаа буувал "дээлээ нөмрөх” хуудуутай олон шийдвэр гаргасаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг хөөтэй нь хутгаж орхив.
Монгол хөдөө аж ахуйн орон. Гэсэн ч энэ салбар тогтсон бодлогогүй явж байна. Энэ нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирдэг ч салбар толгойлж буй Ч.Улаан жишим ч үгүй өөрийн бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаж, албан тушаал эрх мэдлээ ашигласаар сууна. Ерөөсөө эрх мэдэлтэй байгаа хугацаандаа эх орноо "худалдаж” мөнгөний өмнө бөхийж, өөрийн бүлэглэлдээ үйлчлэхээр ханцуй шамлан орсон нь доорх баримтуудаас харагдана. "Хурга байхдаа цадаагүй бол төлөг болоод майлна” гэдэг л болж байна.
 Ч.Улаан сайдын хувьд увайгүй үйлдлүүд нь огцрох хангалттай шалтгаан болсныг улстөрчид ярьж эхэллээ.

Баримт №1
Тэрбээр хадам дүүдээ давуу эрх олгож, хилээр мал амьдаар нь гаргах зөвшөөрөл өгсөн. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийнх нь төрсөн дүү О.Даваасүрэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж сууна. Тэр "Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Хуанг Мин. Дотоодын биш гадаадын хөрөнгө оруулалттай энэ компани 300 га газарт мал амьдаар нь авч, бордон хилээр гаргадаг байгууламж бүхий хашаатай. Үйлдвэр нь БНХАУ-ын Эрээн хотод байдаг гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм. 

Баримт №2
Таваарын хонь, ямаа гадаадад гаргах тусгай зөвшөөрлийг Ч.Улаан сайдын үед өнгөрсөн оны тавдугаар сард зургаан компанид нууцаар олгожээ. Гэтэл үүнээс нэг сарын дараа Ч.Улаан сайд ичиж улайхгүйгээр хэвлэлийнхэнд "Хилээр мал амьдаар нь гаргасан асуудал байхгүй, тусгай зөвшөөрлийг ямар ч компанид олгоогүй” хэмээсэн юм. Тэгвэл ХХААХҮ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн салбарын яамаа төлөөлж, аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн баримт бий. Гэрээг талууд өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд байгуулсан байдаг. 

Баримт №3
Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан  10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө "Авлига өгч мах экспортлох квот авсан учраас нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг нь экспортолно” гэдэг шаардлагыг тавьдаг.  Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд өөрсдийн ашгаа бууруулж, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна.

Баримт №4
Хилээр мал амьдаар нь гаргах гэрээний 2.6-д "...Мал, амьтныг дамжуулан өнгөрүүлэх үед улсын мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгахыг хориглоно. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон амраах, услах, тэжээх зорилгоор мал, амьтныг маршрутын дагуу урьдчилан тогтоосон цэгт улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана” гэж заажээ. Эндээс мал амьдаар нь гаргаагүй гэж салбарын сайдын няцаалт худлаа болох нь харагдана. Дээрх зургаан компани зургаан өөр боомтоор мал амьдаар нь гаргана. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн ханш 300 саяд хүрч байжээ. Одоо энэ ханш хэд дахин нугарч өссөн баримт байна.   

Баримт №5
Түүний хадам дүүгийн компани хилээр амьдаар нь гаргах малаа Сүхбаатар аймгаас авдаг. Мал амьдаар нь хилээр гаргалаа гэх шүүмжлэл тасрахгүй байгаа учир тэд аргаа нарийсгажээ. Махны ченжүүдтэй тохиролцож машиных нь түрээс, шатахууны зардлыг өгдөг. Ченжүүд Сүхбаатар аймгийн сумдаар малчидтай уулзаж, малаа авч төвлөрүүлэн Замын-Үүд сум "Шаргын овоо”-нд байрлах "Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол” компани руу тээвэрлүүлдэг болсоор хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй аж. 

Баримт №6
Ч.Улаан бас хурдан морь уях хоббитой нэгэн. Ингэхдээ эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг бизнес болгоод амжжээ. Учир нь, төрийн наадамд уралдах хурдан морины стандартыг түүний толгойлдог яам хариуцдаг. Үүн дээр илт ашиг сонирхол гаргаж, төрийн наадмаар тоглосон нэг биш жишээ түүнд хаяглагдаж байна.

Баримт №7
Удаа дараа хууль зөрчиж, өөртөө илт давуу байдал үүсгэж буй учир УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг  өргөн барихаар болжээ. Тэрбээр "Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж, орлогыг нь  багасган Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн. БНХАУ-ын махны үйлдвэрийн  эздийг дэмжсэн бодлого явуулж байна Махны үнэ орон нутагт унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гаргасан алга дарам цаас буюу Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой гэж үзэж буй юм. 

Баримт №8
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн  сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалтай байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчны нэрийн өмнөөс  хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.

Ч.УЛААНЫ БАЛАГ ДУУСААГҮЙ

Тэрбээр 1992 оноос хойш дөрвөн удаа Сангийн сайд, нэг удаа Шадар сайд, энэ удаа ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байна. Монгол Улсын сан хөмрөгийг атгаж асан тэрбээр эдийн засгийг чадавхижуулах, солонгоруулах, өсөлт бий болгох чиглэлд хэрэгжүүлсэн хөтөлбөр алга. Хэрэв тэр амин хувиа бодолгүй, улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол өнөөдөр Монголын эдийн засаг ингэтлээ тартагтаа тулахгүй байсан болов уу. ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоноос хойш ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн бодлогыг өөд нь татсан чихэнд чимэгтэй ямар ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэлгүй дүлий дүмбэ оргиж сууна. 
Малаас гарах бүтээг­дэхүү­нийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, дотооддоо хүнсний ногоо, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжийг эрж хайсан бүтээлч ажил, санаачилга Ч.Улаан сайдаас гарсангүй. Тэр ажлаа авснаас хойш хөдөө аж ахуйн салбараар "тоглож” дууслаа. Хамгийн хачирхалтай нь, хэн ч хариуцлага тооцно, улс орноо бодсон шийдвэр гарга гэж түүнд хэлэхгүй, чимээгүйхэн ажлыг нь хийлгэсээр л байх юм. Энэ хүн чинь улсаа хорлон сүйтгэж дууслаа, Ерөнхий сайд аа. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх