Валют арилжааны "Найман шарга” захад ченжүүд өчигдөр юанийг 399 төгрөгөөр худалдан авч, 400.5 төгрөгөөр зарлаа.
Өнгөрсөн аравдугаар сараас хойш доллар болон юанийн ханш эрчимтэй өсч байгаа. Гэхдээ 2016 оноос хойш юанийн ханш өсч 400 төгрөг давсан удаагүй. Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард валютын ханш огцом өссөн. Ханш савласан тухайн үед юанийг зарах ханш 404 төгрөгт хүрээд, хэдхэн цагийн дараа эргэн буурч байсан юм.
Харин энэ удаа эрчимтэй өссөн талаар тус захынхан "Хятадад ам.долларын ханш суларч, юанийнх өсөж байгаа. Энэ нь урд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш төгрөгийн эсрэг чангарахад голлон нөлөөлж буй болов уу. Мөн өмнөд хөршид Цагаан сар болж, хятадууд амрахаас урьтаж манай наймаа эрхлэгчид тус улсыг зорьж буй нь юанийн эрэлт бага зэрэг нэмэгдэхэд нөлөөлсөн байх” хэмээн өгүүлэв.
Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр юань 398.51 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхаас 0.9 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нэг жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-нд тус банкнаас зарласан ханшаар юань 393.49 төгрөгтэй тэнцсэн нь хамгийн өндөр түвшинд тооцогдож байв.