Африкийн бяцхан вант улс Лесотогийн ерөнхий сайд өчигдөр албан тушаалаасаа огцрох шийдвэрээ зарлажээ. Одоо 80 настай Томас Табане нь 2017 оны зургаадугаар сард Лесото улсын ерөнхий сайдаар томилогдож байв. Ерөнхий сайд болохоос нь хоёр өдрийн өмнө түүний хоёр дахь эхнэр бусдад буудуулж амиа алдаж байжээ.
Гэтэл энэ аллагыг мөрдөх явцад Табанегийн одоогийн эхнэр Месиа Табане гол сэжигтэн болсон байна. Табане аллагаас сарын дараа одоогийн эхнэртэйгээ гэрлэж байв. Өнгөрсөн долоо хоногт Лесотогийн цагдаагийн газар ерөнхий сайдын эхнэрийг баривчлах шийдвэр гаргаад эрэн сурвалжилж эхэлжээ. Алуурчин эхнэртэй ерөнхий сайдыг огцрохыг сөрөг хүчнийхэн шаардаж эхэлснээр Томас Табане өчигдөр шийдвэрээ гаргасан байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй Лесото улс нь хүн амины хэргийн гаралтаар Африк тивдээ тэргүүлэгчдийн нэг юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Bloomberg