ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсны дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлжээ. Ерөнхий сайдын суудалд Холбооны Татварын Албаны дарга Михайл Мишустины нэрийг дэвшүүлсэн байна. Путин өчигдөр орой Мишустинтай уулзаж, санал тавьсныг нэр дэвшигч зөвшөөрчээ. Нэр дэвшигч Кремлийн ордноос гараад шууд ОХУ-ын парламентын удирдлагуудтай шуурхай уулзалт хийсэн байна.
Өчигдөр Владимир Путин тус улсын парламентад тавьдаг жил тутмын илтгэлдээ ОХУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн санал танилцуулсан юм.
Тэдгээрийн дотор парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал багтсан байна. Санал ёсоор ОХУ-ын парламент ерөнхий сайдыг зөвхөн батлаад зогсохгүй нэр дэвшүүлэх эрхтэй болох юм. Парламентын дэвшүүлсэн нэр дэвшигчийг ерөнхийлөгч буцаах эрхгүй болох ажээ. Үүнээс гадна парламент ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн танхимын гишүүдийг хэлэлцэж, батлах эрхтэй болох гэнэ. Ийм өөрчлөлт хийснээрээ Путин өөрийн залгамжлагчийн хүч нөлөөг сулруулах арга хэмжээг авах гэж байна гэж өрнөдийн ажиглагчид дүгнэжээ. Засаглалын хүчний харьцаанд томоохон өөрчлөлт орох нь тодорхой болсон тул гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг ерөнхийлөгчид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев тайлбарласан юм. Владимир Путин түүнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг санал болгосон байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Russia Today