Шахаа хийдэг "хурган" дарга нарт "Шарын гол"-ынхны амьдрал хамаагүй юу

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Уурхай нь дампуурах дээрээ тулж, ажилгүй болох эрсдэлтэй тулгарсан Шарын гол-ын 500 уурхайчийн төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, аргагүй байдлаа учирлалаа. Уурхай нь дампуурлын ирмэг очсон нь Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг нэг тонныг нь 40500 гэж хатуу тогтоосноос болж. Бодоо үз дээ, нэг тонн нүүрсийг 46-аас доошгүй мянган төгрөгийн өртгөөр олборлож байж ийм хямдхан зарахаар чинь алдагдалд орж таарна. Харин ч одоо болтол дампуурчихалгүй ажиллаад байгааг нь гайхаж байна. Уурхайчдын төлөөлөл мэдээлэл хийхдээ 46-48 мянган төгрөгөөр нэг тонн нүүрсээ зарах юм бол болох гээд байна гэж ярьж байсан. Ердөө л тонн тутамд 6000 төгрөг л нэмэх шаардлагатай гэсэн үг.

Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэдэг нөхөр “Нүүрсний үнээ тонн тутамд 6000 төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн хүсэлт тавиад байгаа. Энэ хүсэлтийг оны өмнө ч тавьж байсан. Гэхдээ үндэслэл нотолгоотой материал ирүүлээч. Тэрний үндсэн дээр бид батална гэсэн хариу өгсөн. Сүүлд ирүүлсэн материал бол нотолгоо байхгүй, үндэслэл хангалтгүй байсан. Үнэ нэмэх юм бол хэрэглэгчийн цахилгааны тарифт шууд нөлөө үзүүлнэ” гэж ярьсан байсан. Шарын гол-ын нүүрсний уурхай Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажилладаг юм билээ. Сүүлийн 10-аад хоног тэд Эрдэнэт-д нүүрсээ нийлүүлж чадаагүй байгаа гэсэн.  Аргагүй л дээ, нүүрсээ олборлож чадахгүйдээ хүрсэн юм чинь яаж нийлүүлэх билээ. 

Гол нь Эрдэнэт шиг том үйлдвэр энэ уурхайгаас хэдэн төгрөгөөр илүү үнээр нүүрс авчих боломжгүй байгаа нь ч сонирхолтой. Үүнээс илүү сонирхолтой зүйл байгаа нь 2003 оны арваннэгдүгээр сард Шарын гол-ыг хувьчилж, 100 хувь хувийн эзэмшилд шилжсэн. Гэтэл хувийн компанийн нүүрсийг хэдэн төгрөгөөр зарахыг ЭХЗХ, Б.Тлейхан тэргүүтэй хэдэн хурган дарга шийдээд байгааг гайхаж байна. Төр, хувийн хэвшил хоорондоо тохиролцож, хэн хэндээ ашигтай байдлаар ажиллаж болно. Харин дампуурал руу шууд түлхсэн хатуу үнэ тогтоож, хувийн хэвшлийнхээ хоолойг боомилж болохгүй биз дээ.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн та энэ асуудалд анхаарал хандуулах ёстой юм биш үү. Эсвэл хувийн уурхай дампуурах нь төрд хамаагүй, 40500 төгрөгөөрөө нийлүүлбэл нийлүүл, чадахгүй бол чацга царайлаад зайл гэж байгаа юм уу. 500 уурхайчны цаана гэр бүлийнхэн нь байгаа. Наанадаж 2-3 мянган хүний аж амьдрал яригдаж байна. Жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэгддэг энэ уурхай ажиллаж байвал хэчнээн хүн амьдралаа залгуулах билээ. 6000 төгрөгийн асуудлыг шийдчих боломж Монголын төрд, Засгийн газарт, салбар яаманд байгаа байлгүй дээ. Эрдэнэт үйлдвэр чинь хэдэн зуун саяар бэлгэвчнээс авахуулаад хэрэгтэй, хэрэггүй шахааны бараа авдаг мөнгөтэй газар биз дээ. Хэрэглэх нүүрсээ 6000 төгрөгөөр илүү үнээр авчих чадал байж л таараа.  

Н.Пунцагболд

Эх сурвалж: zaluucom.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх