ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Олон улсын санхүүгийн институц(ОУСИ)-ээс даваа гаригт дэлхийн улс орнуудын ДНБ-д эзлэх өрийн хэмжээний тайланг танилцууллаа.

Тайланд дурдсанаар дэлхийн ДНБ-д эзлэх нийт өрийн хэмжээ 2019 оны эхний гурван улирлын байдлаар 322 хувьд хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тухалбал, өнгөрөгч онд хувийн болон өрхийн зээл, компанийн болон Засгийн газруудын бонд зэрэг бүх салбарыг хамарсан дэлхийн нийт өр 10 их наяд ам.доллараар тэлж, 252.6 их наяд ам.доллар хүрсэн байна.

Үүний талаас илүү хувийг АНУ болон Европын өндөр хөгжилтэй орнууд эзэлж байгаа аж. Өндөр хөгжилтэй орнуудын ДНБ-д эзлэх нийт өрийн дундаж харьцаа 383 хувь байна. Дэлхийн нийтийн өр ийнхүү огцом өссөн явдлыг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд “дэлхий нийт тэр чигтээ өрөнд живж байна” гэж тодорхойлжээ.

Дэлхийн нийт өрийн хэмжээ 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш огцом нэмэгдсээр 2016 оны гуравдугаар улиралд дэлхийн ДНБ-ий 245 хувьд хүрсэн нь рекорд үзүүлэлт болж байв. Гэсэн ч уг тоо 2017 онд 224.5 хувь, 2018 онд 226 хувь болон буурч харьцангуй тогтворжоод байсан юм.

/

Дэлхийн нийт өрийн өсөлтийн график /их наяд ам.доллараар/ Institute of International Finance

Харин дэлхийн нийт өрийн хэмжээ 2019 онд түүхэнд байгаагүйгээр өндөр өсөх болсон шалтгааныг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд “Хөрөнгө оруулагчид үргэлж АНУ, БНХАУ тэргүүтэй аварга зах зээлийг чухалчлан авч үздэг. Тиймээс их гүрнүүдийн дунд үргэлжилж буй худалдааны дайнаас гарах сөрөг нөлөөнөөс бизнесээ хамгаалахын тулд томоохон хөрөнгө оруулагчид их хэмжээний бага хүүтэй, сул нөхцөлтэй хөрөнгө оруулалтуудыг эдгээр зах зээлүүдэд татах болсон. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зүгээс өнгөрөгч онд гурван ч удаа бодлогын хүүгээ сулруулах арга хэмжээ авсан. Европын Төв банкны жишиг ханш 2008 оны их хямралын дараа тогтсон бага төвшиндөө хэвээр буй” зэрэг хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлсөн гэж томьёолжээ.

/

Салбаруудад эзлэх тухайлсан өрийн хэмжээ  Institute of International Finance

ОУСИ-ийн зүгээс “зээлийн бага хүү, уян хатан, сул нөхцөl” үргэлжилсэн хэвээр байгаа энэ үед 2020 оны эхний улирал гэхэд дэлхийн нийт өрийн хэмжээ 257 их наяд ам.доллар болж нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа аж. Харин энэ онд ойролцоогоор 19 их наяд ам.долларын синдикат зээл болон Засгийн газрын бонд зэрэг өр төлбөрүүдийн эргэн төлөх хугацаа дуусаж, чөлөөлөгдөх хуваарьтай бөгөөд үүний гуравны нэг нь хөгжиж буй орнуудын зах зээлээс гарах аж. Гэсэн ч эдгээр өр хэзээ ч төлөгдөхгүй бөгөөд дахин санхүүжих, өрийг өрөөр хаах хэлбэрээр шинэ өр үүсэх байдлаар зах зээлд эргэн гарч ирэх юм.

Дэлхийн бодлогын институцийн Гүйцэтгэх захирал Соня Гиббс энэ асуудлаар “Хэдий зээлийн зардал маш бага хэвээр байгаа ч дэлхийн олон улс орнуудад өрөнд суурилсан эдийн засгийн өсөлтийн загварыг олж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. ДНБ дэх дэлхийн нийт өрийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, цаашид ч өсөх хандлагатай байгаа нь зээлийн үйлчилгээ болон дахин санхүүжилт хийх байдлыг улам төвөгтэй болгож байна. Тиймээс ирэх 10 жилд дэлхийн нийт эдийн засагт асар их өрийн дарамт үүсэж, улмаар санхүүгийн системд бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэх магадлал өндөр болж ирлээ” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Хамгийн гол нь өрийн энэхүү их дарамт дэлхийн эдийн засаг болон хөгжилд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Тухайлбал, НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэл дэлхий дахинд дэд бүтцийн салбаруудад 42 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэвч дэлхийн улс орнууд өрийн дарамтад ихээр нэрвэгдэж буй энэ үед хөгжилд зориулагдсан санхүүгийн хэрэгцээг гаргахад хүнд сорилтууд тулгарах нь гарцаагүй. Жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даяаршсан-дэлхийн хамтын ажиллагааны тогтолцоо гэдгээс илүүтэй улс орны хувийн эрх ашгийг илүүтэй тавих болсон. Барууны өндөр хөгжилтэй орнуудад ч сүүлийн үед энэ хандлага ихээр ажиглагдаж, үндсэрхэг үзэл дээр суурилсан популист Засгийн газрууд ээлж дараалан байгуулагдах болсон билээ.

Их гүрнүүдийн хувьд АНУ-ын ДНБ-д эзлэх нийт өрийн хэмжээ өнгөрөгч онд 2018 онтой харьцуулахад 1.6 хувиар өсөж 102 хувьд хүрсэн байна. Харин БНХАУ-ын ДНБ-д эзлэх нийт өрийн хэмжээ 2019 онд 310 хувьд хүрсэн нь 2009 оны санхүүгийн их хямралаас хойших дээд үзүүлэлт юм.

Засгийн газрын өрийн хэмжээгээр 2019 онд АНУ болон Австрали улсууд түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Харин Бельги, Финланд, Франц, Ливан, Шинэ Зеланд, Нигер, Норвеги, Швед, Швейцар зэрэг улсын хувийн болон өрхийн зээлийн хэмжээ мөн тус бүрдээ түүхэн дээд хэмжээнд очсон аж.

Харин ОУСИ-ийн зүгээс БНХАУ-ын зээлээс шууд хамааралтайгаар Монгол, Жибути, Тажикстан, Узбекистан, Мальдив, Кени, Пакистан зэрэг орнуудын Засгийн газрын өрийн хэмжээ огцом өсөж байгааг онцгойлон анхааруулсан юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний найман тэрбум нь Засгийн газар, гурав орчим тэрбум ам.долларыг Төв банкны өр эзэлж байгаа билээ.

Тус байгууллагын тайланд дурдсанаар хөгжиж буй орнуудын нийт өрийн хэмжээ 2018 оны эхний гурван улирлын байдлаар 66.1 их наяд ам.доллар байснаас 2019 оны эхний гурван улиралд 72.5 их наяд ам.доллар болж өссөн байна. Гэсэн ч өрийн өсөлтийн дийлэнх хэсэг нь зах зээлд ахин эргэлтэд ордоггүй санхүүгийн бус зээлүүд байгааг онцолжээ.

О.Мөнхбат

Эх сурвалж: IIF.com, The Print, CNN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх