Халамжийн бодлого хэтрэхээр гаднын санхүүжилт зогсдог түүх давтагдах нь

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

Халамжийн бодлого хэтрэхээр гаднын санхүүжилт зогсдог түүх давтагдах нь

 

  • Монголын талаас ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг цуцлах уу 
  • ОУВС-гийн сснхүүжилтийн үлдэгдэл $2.3 тэрбум монголд орж ирэх нь эргэлзээтэй болов


Манай улс ОУВС-тай "найзалсан”-аас хойш зургаан удаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлжээ. Түүний сүүлийнх нь ирэх тавдугаар сард дуусах "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”. Энэ хугацаанд ОУВС-г "гомдоож” байсан тохиолдол цөөнгүй. 2010 онд "Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж дуусахаас өмнө манай улстөрчид бэлэн мөнгө тарааж дураараа дургиж эхэлмэгц ОУВС-гийнхан Улаанбаатар дахь салбараа хааж, гомдолтойгоор гарч одсон түүхтэй. Гэтэл өнөөдөр түүх давтагдах дүр зураг тодорч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гармагц ОУВС-гийн төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб эрх баригчдад хэвлэлээр дамжуулан "мэдэгдэл хүргүүлэв”. Тэрбээр "Монголын парламентаас баталсан Иргэний тэтгэвэр барьцаалан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа тэглэх хууль нь 2017 онд ОУВС-гийн Монголын Засгийн газартай тохирсон хөтөлбөрийг зөрчиж байна. Энэхүү халамжийн бодлогыг хэрэгжүүлбэл ДНБ-д эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлж, төв банкны төсвийн гадуурх зардал нь төгрөг сулрах, инфляц өсөх эрсдэл үүсгэнэ. Энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” гэжээ. Түүний энэ мэдэгдэл монголчууд ОУВС-тай тохирсон хэлэлцээрээ зөрчсөн учраас үлдэгдэл санхүүжилт хийхийг хойшлуулж, улмаар цуцлах арга хэмжээ авч магадгүй гэсэн анхааруулга юм. 2016 онд төрийн эрх авсан МАН-ын Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, тус байгууллага хийгээд бусад оролцогчоос 5.5 тэрбум ам.доллар авах тохироо хийсэн. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд олгогдох 5.5 тэрбум ам.долларын хоёр тэрбум нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг гурван жилээр хойшлуулахад зориулах бол, ОУВС-гаас 434.3 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 900, Дэлхийн банк 600 сая, Япон, БНСУ-аас 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохирсон юм. Өнөөдрийн байдлаар ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон донор орнуудаас нэг тэрбум 28 сая ам.долларын санхүүжилт хийсэн. Үүн дээр Хятадын Ардын банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн своп хэлцлийг зохицуулсан гэж үзвэл "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” бидэнд 2.7 тэрбум ам долларын санхүүжилт олгоод байгаа юм. Харин Засгийн газар дээрх санхүүжилтийн үлдэгдэл болох хоёр тэрбум гаруй ам.доллараа зургаа дахь үнэлгээний дүнг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа авахаар хүлээж байв. Гэвч үлдэгдэл санхүүжилт ирэхгүй байх эрсдэл үүслээ.Өмнө нь хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох шийдвэрийг парламентаас дахин сэргээхэд ОУВС эсэргүүцэл үзүүлж байсан. Санхүүжилт удааширсан шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарлаж байв. Харин энэ удаад УИХ-ын гишүүд төсвөөс мөнгө гарахгүй, байгалийн баялгаа барьцаалж мөнгө босгож байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамаагүй гэж гүрийсээр баталсан бол ОУВС Монголбанкинд эрсдэл бүхий бонд шахах шийдвэр гаргасан нь 2017 онд тохирсон хөтөлбөрийг зөрчсөн хэмээн мэдэгдэхэд хүргэлээ. Тэгэхээр төв банкаа эрсдэлд оруулах шийдвэр гаргаснаас үүдэн ОУВС-гаас олгох үлдсэн 2.3 тэрбум орчим ам.долларын санхүүжилт Монголын эдийн засагт орж ирэх магадлал буурч байна. Нөгөөтэйгүүр эрх баригчид гаргасан шийдвэрийнхээ талаар ОУВС-д тодорхой тайлбар өгөхгүй байгаагаас үзвэл Монголын талаас хөтөлбөрийг цуцлах сонирхол давамгайлж байхыг үгүйсгэхгүй. Үүнд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөс 2018 онд орж ирэх байсан 536 сая ам.доллар тасалдсан, 2019 онд огт санхүүжилт хийгээгүй зэрэг нь нөлөөлсөн байх талтай. УИХ-ын гишүүд ч өнгөрсөн жилээс ОУВС-г үл ойшоож, дахин "нүүр учрахгүй” юм шиг аашилж эхэлсэн нь хөтөлбөрийг зогсооход "гонсойхгүй” гэдгээ илэрхийлсний тэмдэг гэлтэй. Харин хожмын үр дагавар 2016 оныг давтвал дараагийн парламент, Засгийн газарт эдийн засгаа босгохын тулд гарц хайж, гадагшаа царайчлах тавилан хүлээж буйг тооцсонгүй.

П.Батбөх
Засгийн газрын мэдээ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх