Ардчилсан Үндсэн хууль: Мэдэгтүн, сахигтун

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эдүгээгээс 28 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан билээ. Монгол Улс социалист нийгмийн тогтолцоог халж, ардчилсан нийгэмд шилжсэн түүхэн чухал үед ардчилсан төрийн тогтолцоо, нийгмийн харилцааны суурийг тавьж өгснөөрөө 1992 оны Үндсэн хууль үнэ цэнэтэй юм.

Монголчууд өмнө нь 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж байв. Дөрөв дэх Үндсэн хуулийн хувьд өмнөх гурваасаа олон талаар онцлогтой. Өмнөх Үндсэн хуулиуд ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байсан бол 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.Энэхүү хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн түүхтэй.

Ардчилсан

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан юм. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар зохицуулалт туссан байдаг. 

Ардчилсан

Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 28 жилийн хугацаанд уг хуульд 2000, 2019 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулжээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Ардчилсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн морин цагаас эхэлж дагаж мөрдөнө.

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх