Цагаан суваргын ордоо төрд авна гэсэн чинь худлаа байсан юм уу

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Цагаан суваргын ордоо төрд авна гэсэн чинь худлаа байсан юм уу

 

Эрх баригчид ард түмэнд таалагдахын тулд үг хэлчихээд удалгүй мартдагаа хэзээ болих вэ. Энэ нь үе үеийн сонгуулиар хамгийн их илэрч, улстөрчид сонгогч нарт таалагдахын тулд чихэн дээр нь цэцэг ургуулдаг. Хэлсэн бол хийдэг, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөөнөө хичээдэг тогтолцоо манайд үгүйлэгдэж байгаагийн тод жишээ олон. Эсвэл хэн нэгэнтэй тохиролцохын тулд мэдээлэл хийж, тохиролцчихоод хэлж ярьснаасаа буцдаг хэрэг үү. Ийм байж болох нэгэн мэдэгдлийг өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн. Тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсны дагуу улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эргүүлэн авна. Тэр дундаа Цагаан суваргын лицензийг төрд авч, ашгаа хуваалцана” гэж ярьсан. 

Харин энэ мэдэгдэл нь тус ордыг эзэмшдэг  Н.Номтойбаяр гишүүний дургүйцлийг ихэд хүргэж байв. Иймээс ч Н.Номтойбаяр гишүүн "хувийн өмчийг хурааж аваад социализм байгуулах гэж байгаа юм бол Монголын төрд зүтгээд байх шаардлагагүй” хэмээн уурсаж байв.

Тэгээд зогсохгүй хэвлэлд "Ордод 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон” гэж мэдэгдэж байлаа. Түүний хийсэн энэ мэдэгдэл арьсаа хамгаалах, ордоо авч үлдэх гэсэн оролдлого байв. Монгол Улсын мэргэжилтнүүд хайгаад олдоггүй юмаа гэхэд дэлхийд техник, технологийн хөгжлөөрөө тэргүүлдэг Австрали Улсын компани олж чадаагүй ордыг МАК олдог нь ч юу билээ. Үүнийг худлаа гэдгийг тухайн үед хайгуул хийж байсан хүмүүс мэдэгдсэн. Социализмын үед Цагаан суваргын ордыг илрүүлэхэд Монголын анхны геологичдын нэг Б.Хурц, дараа нь Монгол геологичдоос бүрдсэн баг ажиллахад "Зэсийн Цэнд-Аюуш” хэмээн алдаршиж, салбартаа хүндлэгдсэн ахмад геологич Ц.Цэнд-Аюуш ажиллаж, нөөцийг тогтоон, улсад хүлээлгэн өгч байжээ. Тэд ч энэ тухайгаа хэвлэлээр ярьсан. Цагаан суваргын ордын нөөцийг тогтооход чухал үүрэгтэйгээр оролцсон Ц.Хурц "Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр "Монголын төр хувийн компанид Цагаан суваргыг өгч чадсан юм чинь буцаан авч чаддаг байх хэрэгтэй. Үүнийг л төр гэдэг юм. Төр мөнгөтэй байж Монголыг тэжээнэ. Төр ард түмний бүгдийнх нь тусын тулд үйлчилдэг байна уу гэхээс биш, 10 хүний тусын тулд үйлчилдэг төрийн бүтэцтэй байж болохгүй” гэж ярьж байсан. 

Н.Номтойбаяр гишүүний дургүйцлийг ихэд хүргэж байв. Иймээс ч Н.Номтойбаяр гишүүн "хувийн өмчийг хурааж аваад социализм байгуулах гэж байгаа юм бол Монголын төрд зүтгээд байх шаардлагагүй” хэмээн уурсаж байв.
Тэгээд зогсохгүй хэвлэлд "Ордод 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон” гэж мэдэгдэж байлаа. Түүний хийсэн энэ мэдэгдэл арьсаа хамгаалах, ордоо авч үлдэх гэсэн оролдлого байв. Монгол Улсын мэргэжилтнүүд хайгаад олдоггүй юмаа гэхэд дэлхийд техник, технологийн хөгжлөөрөө тэргүүлдэг Австрали Улсын компани олж чадаагүй ордыг МАК олдог нь ч юу билээ. 

Монгол Улс Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг. Гэвч зэсийнхээ нөөцөөр "Эрдэнэт үйлдвэр”, "Оюутолгой”-н дараа бичигддэг Цагаан суврагын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг МАК өөрийн хөрөнгөөр 2001-2008 онд хийсэн шалтгаанаар мэдэлдээ авсан.  МАК нь 1993 онд байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Дан ганц уул уурхайн чиглэлээр бус мөн барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагын захирал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн бөгөөд бодлогын зөвлөлийн дарга нь Б.Нямтайшир. МАК Цагаан суваргаас гадна 2007 онд УИХ-аас баталсан Монгол улсын стратегийн ордын жагсаалтад багтсан Нарийн сухайтын ордыг ч мөн эзэмшдэг. Түүнчлэн тус компани 36 лиценз эзэмшдэг гэх мэдээлэл ч бий. 

ЦАГААН СУВАРГЫН ОРД МАК-ЫНХ БОЛСОН ТҮҮХ

Цагаан суваргын орд МАК-т очсон 2014 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байж, АН засгийн эрх барьж байсан.  Тухайн үеийн Засгийн газар Цагаан суваргын 34 хувийг төр эзэмших хуулийн төслийг оруулж ирсэн ч УИХ-аас томилсон ажлын хэсэг төрөөс 350 сая ам.доллар гарган байж,  Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж дүгнэн, улмаар УИХ уг дүгнэлтийг үндэслэн МАК-д 100 хувь олгожээ. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн шийдвэр хэмээн тухайн үеийн УИХ-ын дэд дарга Л.Цог Үндсэн хуулийн цэцэд хандаж байв. Гэвч цэц уг асуудлыг "Үндсэн хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, УИХ ч түүнийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэх гишүүн цөөнгүй байлаа. Үүний нэг нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Уянга. УИХ-ын нэгдсэн чуулганаар "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр тэрбээр "Цагаан суваргын стратегийн ордоос монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Тиймээс маш сайн жишиг болох гэрээ байгуулбал дараагийн ордыг зөв ашиглахад тустай. Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа, аавтайгаа идээд ч барахгүй” гэж хэлж эсэргүүцэж байв. Мөн 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Стратегийн ач холбогдол бүхий ордыг УИХ-аар шийдвэр гаргуулж, Үндсэн хуулийн цэц дээр очиход унахааргүйгээр бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлж байна. Үнэхээр харамсалтай байна гэж хэлэхээс аргагүй. Цагаан суваргын орд маш их нөөцтэй. Улсын нөөцөд бүртгэж авснаар 250.4 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 66.1 тонн молибден, 11.2 тонн алт гэх мэт ийм их нөөцтэй ордыг сул өгчихөж байна. Бүхий л зүйлс хоорондоо уялдаа холбоотой ажиллаж. Оюутолгойг ингэж л өгсөн. Араас нь Цагаан суваргын ордыг өгчихлөө. Ийм байж болохгүй” хэмээж байв. 
Стратегийн ач холбогдолтой хэмээн улс бүртгэж авчихаад дараа нь бүхий л нөхцөл, шаардлагыг бүрдүүлж байгаад хувийн компанийн мэдэлд шилжүүлж, үүнийгээ үндсэн хуулийн цэцээр баталгаажуулж байгаа нь хуулийн хүрээнд хийгдэж буй хулгай гэж харахаас аргагүйд хүргэж байгааг дээрх үйл явдал харуулж байна. Хэдийгээр Цагаан суваргын ордыг төрд авах талаар мэдээлэл гарч, олон хүнд хүлээлт үүсгэсэн ч тэгж ингэсхийгээд энэ яриа замхарч, одоо хэр нь тус орд МАК-ийн мэдэлд байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Н.Номтойбаяр гишүүн болон МАК-тай тохиролцов уу, эсвэл шийдвэрээсээ буцав уу. Цагаан суваргын орд төдийгүй 400 орчим ордыг буцааж авна гэсэн чинь худлаа байсан юмуу, эрхэм Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ээ, З.Энхболд дарга аа.

Үндэсний шуудан


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх