Нэгэнт ерөнхийлөгч “ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан...” гээд, УИХ-ын гишүүд нь дагаж намираад, ард иргэдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, ахмадуудын артерийн даралтыг ихэсгэсээр 10 гаруй хонолоо.
Гэхдээ ахмадуудын тэтгэврийг тэглэх нь тодорхой болчихлоо. Харин үлдсэн хөгшчүүлээ бас гомдоохгүй, ваучер энэ тэр гэх дэглэлттэйгээр жүжиг үргэлжилж байна.
Манайхаас бусад оронд өр зээлийг тэглэх шийдвэрийг санхүүгийн хямрал тохиолдож, тухайн хувь хүний өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар өрөө төлөх боломжгүй болсон тохиолдолд өрнөөс нь чөлөөлөх, эсвэл хөнгөлдөг байна. Тэгвэл ахмадуудын авсан тэтгэврийн зээл хэвийн төлөлттэй явагдаж байгаа юм.
Иргэдийнхээ зээлийн үлдэгдэлд хөнгөлөлт үзүүлэх асуудал өнгөрөгч онд Казахстанд яригдаж байв. Багагүй хугацаанд яригдсаны эцэст өрх толгойлсон болон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээ авсан удаатай.
Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэснээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн байдлыг доройтуулах дүр зураг харагдаж байхад УИХ-ын гишүүд үүнийг төсөвт ямар ч хамаагүй мэтээр тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ нь 2020 онд улсын төсвөөс гарах мөнгийг хойшлуулж л байгаа болохоос ямар ч нөхцөлд төсвөөс төлөх нь тодорхой. Бүр товч хэлбэл ямар ч компани бонд гаргалаа гэхэд ирэх жилүүдэд төсвийн орлогоосоо төлөх дүр зураг харагдаж байгаа юм. Үүнийг эдийн засагчид ч тооцоолж хэлсэн байдаг.
Нөгөөтэйгүүр ОУВС бидэнд “Муу” дүн тавина гэсэн үг. Учир нь ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг харилцан тохирч хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Уг хөтөлбөрт Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, алдагдлыг бууруулах тухай тусгасан. Тэгвэл ахмадуудын тэтгэврийн өрийг тэглэж байгаа нь ОУВС-тай хамтран байгуулсан хөтөлбөрөө зөрчиж байгаа учраас дараагийн санхүүжилтийг хэрхэх нь ойлгомжтой. ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөс таагүй үнэлгээ гарч гэмээнэ гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд гар татах магадлал өндөр. Гэтэл бид нэг жилийн дараагаас 3 тэрбум ам. долларын өрийг 2024 онд хүртэлх хугацаанд төлөх ёстой.
Ирээдүйн энэ дүр зургийг Сангийн сайдын хэлсэн үг уг нь нотолж буй ч түүний үгийг хүлээж аваагүйгээр барахгүй “Хоншоороо тат” гэсэн байдалтай хандсан. Улстөрчдийг энэ байдлаас нь харахад сонгуулийн өмнөх попрол, жүжигтээ явж орчхоод ухаан сэхээ алга гэдэг нь ажиглагдаж байгаа юм.
Харалган гэхэд дэндүү харалган энэ бодлого үйлдлийн горыг дараагийн УИХ, Засгийн газар амсч гадаад өр зээлээ төлөхийн тулд иргэдээ татвараар дарамтлах, эдийн засгийн хувьд улам доройтох дүр зураг харагдаж байгаа юм.
Гэхдээ одоо нэгэнт шийдэгдчихсэн эл “жүжиг”-ийн эсрэг хэн ч яаж ч гүрдийгээд тусыг эс олох учир хэдэн муусайн ахмадуудын маань магнайг нэг болов ч тэнийлгэж байгаа юм даа” гээд жүжиг хэрхэн өрнөхийг, 192 мянган ахмад, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн ядуу өрхүүдийг хэрхэн туслах дүрд хуваарилахыг хүлээхээс...
С.Туул
Эх сурвалж: erennews.mn