Судар бичгийн хүрээлэнгийн тайлан буюу ОХУ-аас юу хүсэх хэрэгтэй вэ?

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

1927 оны 11-р сарын 1-нд эхэлж, мөн сарын 16-ны өдөр өндөрлөсөн БНМАУ-ын 4-р их хуралд 88 төлөөлөгч оролцож, 25 илтгэл сонсон хэлэлцжээ. Үүнд Судар бичгийн хүрээлэнгийн илтгэлийг дарга Жамьян буюу олноо алдаршсанаар Жамьян гүн илтгэн танилцуулсан байна. 

Тэрбээр Судар бичгийн хүрээлэнгийн тухайд 16 зүйлийг тоочин өгүүлснийг танилцуулбаас:

Нэгдүгээр зүйл: Гуравдугаар их хурлаас энэ Арван долоодугаар оны[1] хавар цагт хуучны эх түүхэнд холбогдох булшны зүйлийг шинжлэн ухуулахаар Ноён уулын хошууны нутагт явуулсан манай Хүрээлэнгийн албаны хүн орос Симуков[2] нар хуучны бага сага юм олж ирсний дотор нэгэн хятад бичигтэй аяга олсныг үзвээс Хан улсын Пиндэй[3] хааны үед бүтээсэн болох тул Монгол Хүннү улс хэмээж байх үеийн хадын булш болсны гэрч болмуй. Энэхүү аяганы бичгийг Франц улсын их эрдэмтэн Пэллиод[4] шинжлүүлэхээр явуулсан.

Хоёрдугаар зүйл: Энэ зуны цагт Холбоот улсаас шинжилгээний тухай урьж ирүүлсэн эрдэмт орос Смирновыг[5] рашаан ус, Иконниковыг[6] төвөд эмнэлгийн зүйлийг тус тус шинжлүүлэхээр явуулаад ирээд буй.

Гуравдугаар зүйл: Газар дэлхийн байдал ба түмэн бодисын зүйл шинжлэхээр Хантайшир Цэцэрлэг Мандалын аймгийн хошуудаар орос Симуковыг явуулаад буй. 

Дөрөвдүгээр зүйл: Газар дэлхийн байдал, түмэн бодисыг шинжлүүлэхээр Бага Хэнтийн ар дээш, Оросын хязгаар хүртэлх газарт орос Кондратьев[7] нарыг явуулаад иржээ.

Тавдугаар зүйл: Хятад, Орос, Герман, Франц зэргийн улсуудад суугаа манай Хүрээлэнгийн хүмүүст захиж, ном судар ба эх түүхэд холбогдох зүйлийг ирүүлэн цуглуулсаар буй.

Зургадугаар зүйл: Цаг уурыг шинжлэх явдлыг чухал болгож, түүний эрхийг Хүрээлэнд авч, хэдэн газраа салбарууд нээж, шинжилсээр буй.

Долдугаар зүйл: Номын санд олон газрын хуучин данс хараа зэргүүд цугларан ирсээр буйн гадна монгол, манж, хятад үсгийн олон бичгүүдийг тусламж болгон өгөгчид басхүү нэлээд буй хэмээхээс гадна Нам, Эвлэлийн Төв хороо ба олон гишүүнээс санаа тавилцан, элдвээр тосон авч туслалцсаар буй.

Наймдугаар зүйл: Музейн зүйл цаг нэмэгдэж буй ба өдгөө нээж, олон ард түмэнд өдөр тогтоож, сонирхуулан үзүүлсээр буй. 

Есдүгээр зүйл: Урьд Холбоот улсын Засгийн газар ба Академи Наукийн[8] газраас явуулсан олон экспедицүүд лүгээ гэрээ бичиг тогтоож явуулсан нь манай Хүрээлэнд гэрээ бичгийн ёсоор олсон зүйлээс хүргүүлэхийг нь өдгөө хүргүүлэн ирсээр буй бөгөөд гагцхүү Козловын булшны зүйлээс зарим нь ирээгүй.

Аравдугаар зүйл: Энэ жил Холбоот улсаас ирсэн эрдэмт орос Рачковский[9] нар лугаа урьд ёсоор гэрээ хэлэлцэж, хэдэн ангийн экспедиц явуулаад зарим нь ирээд, зарим нь ирээгүй. 

Арван нэгдүгээр зүйл: Урьд манай Хүрээлэн, Засгийн газрын тушаал ёсоор нэр томьёоны тухай ба тайлбар толь зохиох явдлыг хичээн шамдаж оролдсоор байсан нь энэ жил Төв хорооноос тайлбар толь зохиох зүйлийг түүгээр тусгай комисс байгуулж хэлэлцээд өдгөө манай Хүрээлэнд эрхлүүлэн зохиолгохоор шилжүүлэн ирээд буй. Энэ хэр манай Хүрээлэнгээс хуучин тольд орсонгүй, шинжлэх ухаанд холбогдох олон нэрүүдийг идэвхийлэн бэлтгэж буй.

Арван хоёрдугаар зүйл: Энэ жил манай Хүрээлэн бага сага ном бичиг хэвлүүлж буй боловч хэвлэлийн явдал тэр бүр хүрэлцэхгүй тул олныг хэвлэн гаргаж чадаагүй.

Арван гуравдугаар зүйл: Урьд Америк улсын Андрюс[10] лугаа хэлэлцсэн ёсоор манай Монгол улсын музейд тавихаар өгөх ихээхэн зүйлийг уг газраас хөдөлгөн гаргасан боловч цагийн түгшүүртэй хэрэгт боогдож, нэвтрүүлэн гаргаж чадахгүй, Хятад газар хадгалуулан буй. 

Арван дөрөвдүгээр зүйл: Франц, Америк, Герман, Орос зэрэг улсын эрдэмтэн лүгээ эрдэм соёлын хувиар харилцаж буй боловч гагцхүү ямар учрыг мэдэхгүй, очих ба ирэх бичгүүд завсарт хаагдан боогдох хэрэг үлэмж буй мэт.

Арван тавдугаар зүйл: Харьяат Хүрээлэнгийн эсэргэн арван наймдугаар оны орлого зарлагын төсөвлөгөө данс үйлдэж, улсын бүх орлого зарлагын данс үйлдэх тусгай комиссын газраа мэдүүлсэнд бүгд арван хоёр түм гаруй төгрөг төсөвлөн иржээ. 

Арван зургадугаар зүйл: Манай Судар бичгийн хүрээлэнгийн явуулах хэргийн зорилт болбоос харьяат Монгол улсын эх түүх ба газар дэлхийн байдал хийгээд цаг уурыг шинжлэх элдэв байгаль бодис, жич эрт ба өдгөөхийн байдал төлөв зэргийг шинжлүүлэн, үнэн магадыг олж, ард олон ба бүх дэлхий дахины эрдэмтэнд дэлгэрүүлэн, соёл бадруулах зэрэг хэргийг эрхлэх бөгөөд басхүү Гуравдугаар их хурлын тогтоолын ёсоор явуулсан хэргийн хамтаар үүнээс дээш тодорхойлсон тул өдгөөгөс хойш ямар зүйлийн хэрэг явуулахаар төлөвлөн буй хэргийг тодорхойлох хэрэгт үүний урьд явуулсаар буй хэргийг улам идэвхтэйгээр явуулахыг оролдох билээ. 

“Козловын булшны зүйлээс зарим нь ирээгүй” хэмээсэн тухайд

/

Жамьян гүн тайландаа Оросын Шинжлэх Ухааны академитай гэрээ хийсэн, гэрээний дагуу эд өлгийн зүйлсийг эргүүлэн авчирсаар буй боловч Козловын булшны зүйлсээс зарим нь ирээгүй хэмээн тодорхой өгүүлжээ. Тэр хараахан “ирээгүй” зүйлс нь тэр чигээрээ тэндээ үлдээд, өнөөг хүртэл Эрмитаж музейн хамгийн чухал ховор үзмэрүүдийн дээжист тооцогдсоор буй. Ерөөс Монгол Хүннү улсын хамгийн ховор нандин олдворууд бүгд тэнд үлдсэн гэсэн үг. Ялангуяа элдэв уран чимэглэл хатгамал бүхий торго, бөс бараа, ширдэг, хөшиг сэлт нь дахин давтагдашгүй, хатгамал нь бүтэн хэвээрээ үлдсэн тийм олдвор дэлхийд өөр хаа ч үгүй билээ. 

Олдворуудыг Ленинград руу авч явахдаа Оросын тал манай Судар бичгийн хүрээлэнтэй буцааж авчирна хэмээн үйлдсэн гэрээ нь ч баримт болон үлджээ. 1924 оны 11 сарын 7-ны өдрийн уг гэрээнд:

  1. 1924 онд “Төвөдийн экспедиц”-ийнхний Ноён уулын булшнаас олсон бүх эд өлгийн зүйлийг шинжлэх ухааны үүднээс бүрэн гүйцэд судлахын тулд бүхлээр нь Ленинград руу илгээнэ.
  2. 1925 оны намар гэхэд ямарваа нэгэн булшнаас гарсан бүхий л эд зүйлсийг Монголд, Судар бичгийн хүрээлэнгийн музейд буцааж өгнө 

хэмээгээд тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал Жамсраны Цэвээн, “Төвөдийн экспедиц”-ийн дарга Козлов, “Төвөдийн экспедиц”-ийн археологийн хэлтэсийн дарга Теплоухов нар гарын үсгээ зуржээ. 

Энэхүү Теплеухов нь Козловын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн археологич байгаагүй тул араас нь илгээсэн хоёр мэргэжилтний нэг юм. Нөгөө нь Г.И Боровко. Теплеухов ирж ажил байдалтай газар дээр нь танилцаад Оросын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С. Ф. Ольденбургт “Козлов яг тонуулчин маягаар ухсан учраас булшны бүтцийг тогтоож чадсангүй” хэмээн бичсэн баримт ч бий. 

Хийн хоолой бус Хүннүгийн өв соёлоо нэхэмжил

Монгол улс ОХУ-ын харилцаа сүүлийн үед нэг үеэ бодвол сайжирч, төр засгийн дээд хэмжээний айлчлалууд ойр ойрхон болж байна. Харин манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлал бүрдээ гагц хийн хоолой асуудаг уламжлал тогтжээ. Тэгвэл дараагийн удаад хийн хоолойг хойш тавьж, Ноён уулаас олдсон эд өлгийн зүйлийг бүтнээр нь эргүүлэн авъя хэмээх санал өргөх хэрэгтэй. 

Энэ бол Оросын талаас зүгээр нэг юм гуйж буй хэрэг биш, харин өөрийн нутагт байсан өөрийн эзэмшил эд өлгөө хууль ёсоор эргүүлэн авахыг сануулж буй хэрэг юм. Үүнийг батлах хоёр ч баримт буйг миний бие энд өгүүллээ. БНМАУ-ын дөрөвдүгээр их хуралд хэлэлцүүлсэн судар бичгийн хүрээлэнгийн тайлан илтгэл, Козлов Цэвээн нарын гарын үсгээр баталгаажсан гэрээ сэлтийг дурдаад “эвтэйхэн” гуйвал олон улсад нэр хүндээ өсгөх хэрэгтэй байгаа Оросын тал дургүйцэхгүй байж магадгүй л юм шүү.

/

Эрмитажид буй манай соёлын өвийн жишээ

[1]Тусгаар тогтнолоо зарласан 1911 оныг он тооллын эх хэмээн үзсэн хэвээр байсны учир Арван долоодугаар он хэмээх нь аргын 1927 он болно.

[2]Андрей Дмитриевич Симуков. Козловын экспедицтэй хамт Монголд ирснээсээ хойш Монголд суурьшин, Судар бичгийн хүрээлэнд судалгааны ажил хийсэн. Төр засгийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн өвөг эцэг.

[3] НТӨ 9 онд төрж, НТ 6 онд нас барсан, Хан улсын хаан.

[4] Франц улсын нэрт монгол судлаач Пол Пэллио нь Судар бичгийн хүрээлэнгийн анхны гадаад гишүүдийн нэг байжээ.

[5]В.А.Смирнов. Түүний Монголд явуулсан судалгааны талаар В. В. Митин “ИЗ ИСТОРИИ ДЕЯТЕЛЬНОСТИ МОНГОЛЬСКОЙ КОМИССИИ АН СССР В 1920-Е ГОДЫ” хэмээх өгүүлэлдээ бичжээ. В. А. Смирновын гидрохимийн анги рашаан улсыг судалсан боловч сэдвээсээ халвж, олон өөр зүйлийн мэдээ үлдээсэн байна.Тухайлбал Хэрлэг мөрний эрэг дээрх, Чингис хаанытугийг хадгалдаг Туг сүмийн тухай дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.

[6]Н.П.Иконников Галицкий. Монголд гүйцэтгэсэн ажлаа ”Предварительный отчет о поездке в Монголию летом 1926 г.” бүтээлдээ бичсэн буй.

[7]С.А.Кондратьев нь Симуковын нэгэн адилаар анх Монголд Козловын аяллын багт оролцон иржээ. Оростоо буцаж, экспедицийн ажлын тайлан тооцоогоо дуусгаад, эргэн Монголд ирж, 1925-1930 оныг хүртэл 5 жил Судар бичгийн хүрээлэнд ажилласан байна. Ноён уулын гол гол булшийг чухам энэ Кондратьев ухсан бөлгөө.

[8]Зөвлөлт Холбоот Улсын Шинжлэх Ухааны Академи.

[9]Иван Петрович Рачковский. Оросын геологич. Монгол, Тувад олон жил ажиллаж судалгаа хийжээ.

[10]АНУ-ын нэрт аялагч, палеонтологич Рой Чэпмэн Андрьюс.

М.Саруул-Эрдэнэ

Эх сурвалж: baabar.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх