Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

За манай гурав хар шилээ зүүж, хамаг булчингаа чангалж байгаад баасаараа наадаад эхэлсэн шүү дээ. Нэгэнт наадаад эхэлсэн юм чинь хийсэн шиг хийхгүй бол бусад зээлтнүүдээс оноо алдаж, жинхэнэ коммунизмд хүрэхэд жирэмсэн эмийн гүйх газар дутаж таарна. Сонгогчдоос оноо авах гэж зээл хэмээх зэллээтэй унагаараа тоглоод эхэлсэн биш, тэтгэврийнхээс бусад зээлтнүүд тэднээс нүүр буруулахдаа тулчихлаа.

Тэгэхээр одоо ингэнэ ээ, машины зээлтнүүд, цалингийн зээл, бизнесийн зээл, аялал жуулчлалын зээл, сургалтын зээл, булган дээлний зээл,.. гар утасны зээл, за цаашаа үргэлжлээд ломбардны өр, лангууны түрээсийн өр гээд бүх өр зээлийг тэглэхийн төлөө манай гурав зүтгэхээс аргагүй байдалд хүрч байна. Тэгэхдээ яг саяын ажилласан аргачлалаа давтана. Эхлээд аль нэг зээлийг тэглэх шийдвэр ҮАБЗ даруй 14 хоногийн өмнө сэмхэн гаргана. Түүний дараа гишүүн Оюундарийн хэлснээр мэдээлэлд ойр байдаг хэсгийнхний зол болж, хэдэн арван саяар нь гялс амжаад зээл авна.

Ингээд бөөндөж байгаад хайрын баяр, цагаан сар, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяраар цувуулаад зарлана. Цаашдаа бүр том зээлүүдийг чөлөөлье. Нөгөө МАК-аас Цагаан суваргын ордыг хурааж бүх орон сууцны зээлтнүүдийнхээ зээлийг тэглэе. Өөр хурааж авч болох юу байдаг билээ, бүгдийг гоё тавилттайгаар хураана. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн зээлийг тэглэсэн болчихоод хамгийн сүүлд ЖДҮчдийнхээ тэрбум тэрбумын зээлийг сонгуулийн дараа, улсын наадмаар тэглэнэ шүү дээ. Яг эрэмбэ дараагаараа явна шүү.

Тэр хооронд ээж нар хүүхдээ тэврээд, ач зээ, үр хүүхэд... эмнэлгийн хонгилд гудас тавиад хэвтэж л байг, яадгийн. Сурагчид гурван ээлжээр хичээллээд, нэг ангид 60-уулаа шпрот болцгоож л байна биз, хэнд хамаатай юм. Зээлээ тэглүүлье гэхээр наад УИХ-ын гишүүд чинь суудлаа алдаж сул үлдэхээс айгаад угаасаа юу ч хэлж чадахгүй. Адилхан тансаглана л гэж тарвалзана шүү дээ. За тэгээд банк санхүү хэмээх агт мориныхоо арай ядан хоног хороож байгаа зээл нэртэй дөрвөн хөлийг тас цавчаад хаячихаар холыг туулна гэж дэгэлзэхгүй, алсыг зорино гэж амгай зуузай булаалдахгүй амар.

Идсээр байгаад идээ шүүсээрээ гулигаад, идээлж бээрлээд уяан дээр хэвтээгээрээ үхнэ биз зүгээр. Тэгснийх нь дараа гурван бурхныхаа гарыг дагуулж хараад хэвтчихнэ дээ, улс орноороо. Манай гурван бурхан манант мэлмийгээ анивчаад хэр удаан бурхны дүрд тоглох юм байгаа юм, тэр хүртэл нь иднэ, ууна, инээнэ, ихэрхэнэ, хэхэрнэ, хэрэлдэнэ яадгийн...

Ингэхэд, бурхны дүрд тоглох гоё уу, гурав аа. Бүх зовлонг гэтэлгэгч, бүх зээлийг тэглэгч, бүх гуйлтыг биелүүлэгч, амилсан бурхдын авшиг дүр, түмэн наст, төгөлдөр буянт... аая сүртэй юү? Түмний зовлон дуусах биш дээ, нэгэнт бурхны дүрд тоглоод эхэлсэн юм чинь одоо тоглосон шиг тоглоод, тонгороод ойчтолоо гүрийнэ шүү! Зарим хүнд хойд насны зээл, сүнсний зээл, дараа үедээ идэх хоолны зээлийг нь олгодог газар байдаг бол мань гурав диваажинг ч нурааж, тамыг ч эргүүлж байгаад төлнө дөө.

Яагаав, энэ арын нөхрийн нэр төрөөрөө барьцаалсан нөгөө юуны зээлийг ч бас хөнгөлөөд дагуулчихсан даг. Тэртэй тэргүй монголчууд бурхан гэж наминчилж мөргөсөөр байгаад сэлэм шиг явснаа мартаад шилбүүр төдий болдог доо...Манжийн хааны шилбүүр болгосон ард түмнийг манай гурав чигчлүүр болгох юухан байхав.

Р.ЭМҮЖИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх