Саяхан осолдсон Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Ираны пуужин харваж унагасан гэж үзэж байгаагаа АНУ-ын албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ.
Пуужин харвахаас өмнө Украины нисэх онгоцыг Ираны радар онилоод байсан бөгөөд Boeing 737-800 нисэх онгоц Тегеранаас Киевийн чиглэлд хөөрөөд хоёр минут болж байхад газар-агаар ангиллын хоёр пуужин харвасныг АНУ-ын хиймэл дагуул бүртгэжээ.
Харин Ираны иргэний агаарын тээврийн газрын тэргүүн Украины нисэх онгоцыг пуужингаар харвасан байх боломжгүй гэж мэдэгдсэнийг тус улсын ISNA агентлаг мэдээлсэн байна.
Ираны зүгээс Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр бааз руу пуужин харвасны дараахан Украины онгоц осолдсон тул энэ нь Ираны зэвсэгт хүчний санамсаргүй гаргасан алдаа байх гэж АНУ-ын албаныхан үзэж байгаа гэнэ. Одоогоор Пентагон албан ёсны дүгнэлтээ зарлаагүй байна. Өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шууд ингэж хэлээгүй ч сэжиглэж байгаагаа илэрхийлсэн байна. “Надад сэжигтэй санагдаж байна. Уг онгоц маш аюултай улсад нисэж байсан, хэн нэгэн алдаа гаргасан байх магадлалтай. Зарим нь ослыг техникийн алдаатай холбож байна. Би хувьдаа үүнийг эрс үгүйсгэж байгаа” гэж тэр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.
Осолдсон Boeing 737-800 нь 2016 онд үйлдвэрлэгдсэн онгоц юм байна. Техникийн алдаанаас болоод нислэгт ашиглахыг хориглоод байгаа Boeing 737 MAX онгоцны өмнөх загвар юм. Боинг компани ийм загварын нисэх онгоц 5,000 орчмыг үйлдвэрлээд байгаа бөгөөд аюулгүй байдлын үзүүлэлт өндөртэйд тооцогддог ажээ.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP