Ираны нөлөө бүхий генерал алагдсаны дараа Тегераны зүгээс хариу үйлдэл хийвэл тус улсын 52 гол байгууламжийг бөмбөгдөнө гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлээд байгаа билээ.
Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Пентагоны тэргүүн Марк Эспер “зэвсэгт мөргөлдөөн гарвал АНУ олон улсын хууль дүрмийг сахина” гэж мэдэгдсэн байна.
Аливаа түүх соёлын дурсгалыг хөндөхгүй байх нь дайны үед мөрдөх ёстой хууль болохыг тэр энэ үеэр тодотгожээ.
Генерал Кассем Солейманигийн өшөөг Тегеран авахыг оролдвол Ираны нийт 52 гол байгууламжид агаарын цохилт өгөхөө Трамп өнгөрсөн Бямба гарагт анх твиттер хуудсандаа зарласан юм.
Маргааш нь тэр сэтгүүлчидтэй уулзахдаа энэ төлөвлөгөөгөө дахин батлан хэлсэн байна. Тухайн үед Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави “Дэлхийн хамгийн супер гэгддэг гүрний удирдагч соёлын дурсгалуудад халдах нь дайны гэмт хэрэгт тооцдог тухай мэддэггүй ертөнцөд амьдарч байгаадаа би харамсаж байна” гэж Тегеранд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв.
Иран улсад Юнескогийн соёлын өвд бүртэлтэй 20 гаруй байгууламж байдаг. Үүнд эртний Персеполис хотын туурь, Исфаханы их сүм, Ираны сүүлчийн шахыг 1967 онд хаан ширээнд залж байсан Голестаны ордон зэрэг багтдаг юм.
Юнескогийн ерөнхий захирал Одри Азулай дайны үеэр соёлын өвийг хамгаалах тухай олон улсын гэрээнд АНУ, Иран улсууд хоёул нэгдсэн байдгийг мэдэгджээ.
Ням гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгчийнхөө сүрдүүлгийг зөөлрүүлсэн мэдэгдэл хийсэн юм.
Тэр хэлэхдээ “Ираны газар нутагт үйлдэгдэх АНУ-ын армийн цохилт хууль ёсных байх болно. Бид үргэлж хуулийг дагаж ирсэн. Цаашдаа ч дагах болно” гэжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press