Туркойз Хилл: УИХ-ын тогтоол нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо

  • 0
  • 145
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Оюутолгой төслийн хувьд өнгөрсөн 2019 оны сүүлээр хоёр томоохон үйл явдал тохиосон юм. УИХ-ын тогтоол батлагдсан төдийгүй Оюутолгойн Босоо ам 2 буюу гүний уурхайн хүдэр тээвэрлэх зориулалттай Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссаныг арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ.

Үйлдвэрлэлийн амны нээлтэд “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн хүрэлцэн ирсэн юм. Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар Куэлманн захиралтай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.

-Оюутолгой төслийн уурхай дээр Та анх удаа ирж байгаа тохиолдол уу?

-Үгүй ээ. Би сүүлийн хагас жилийн хугацаанд бараг сар бүр Улаанбаатар болон уурхай дээр очиж ажилласан. Монгол бол гайхалтай хүмүүстэй орон. Би ирэх бүртээ баялаг соёл, түүхтэй энэ орноос илүү ихийг суралцахыг эрмэлздэг.

-Үйлдвэрлэлийн ам буюу Босоо ам 2-ын бүтээн байгуулалт дууссаны ач холбогдолыг Та хэрхэн харж байна вэ?

-Дэлхийн хэмжээний уурхайн бүтээн байгуулалтад маш том үйл явдал болж байна. Илүү чухал нь гэвэл энэхүү босоо амыг голцуу монголчууд барьж байгуулсан юм. Бүтээн байгуулалтын явцад сорилтууд тулгарч байсан ч гэлээ бид үүнийг даван туулж чадсан. Одоо далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулахад уг байгууламжаа ашиглах л үлдлээ. Энэхүү Үйлдвэрлэлийн амны байгууламж нь дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдоно. Энэ нь бидний хэрэгжүүлж буй асар том төслийн зөвхөн нэгээхэн хэсэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

-Далд уурхайн төслийн бүтээн байгуулалтын дараагийн томоохон ажил юу байх вэ?

-Төслийн дараагийн томоохон үе шат бол уурхайн шинэчилсэн зураг төслийг эцэслэн боловсруулах явдал юм. Энэ ажлыг бид 2020 оны эхээр хийж гүйцээнэ гэж тооцоолж байна.

-“Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш бирж дээр “ёроолдоо” хүрч буурахад үүний гол буруутнаар “Рио Тинто”-ийн тааруухан менежментийг нэрлэж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ийм томоохон хэмжээний уул уурхайн төслүүдийн ашиглалтад орох хугацааг хойшлуулна гэдэг ховор үзэгдэл биш. Энэ нь хувьцааны ханшид нөлөөлөх нь бий. Гэхдээ бид Оюутолгойг ирэх хэдэн арван жилийн туршид үргэлжилж, манай ажилтнууд хамгийн аюулгүй ажиллах уурхайн нөхцөлийг хангахад голлон төвлөрч байна. Энэ нь эргээд манай хувьцаа эзэмшигчдэд хамгийн өндөр үр өгөөж авчрах юм. 

-Цахилгаан станцын төсөл аль шатандаа байна вэ?

-Төслийг урагшлуулахад бид Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд түлхүүр гардуулах (EPC) нөхцөлөөр ажиллах гэрээ байгуулах үйл явц нэлээд ахисан шатандаа өрнөж байна.

-УИХ-ын баталсан тогтоолыг Та хэрхэн хүлээж авч байна вэ? Ялангуяа усны хэрэглээг дахин тооцоолохоор болсон шүү дээ. Мөн төслийн хувь эзэмшлийг нэмэлт роялти хэлбэрт шилжүүлэх асуудлыг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын тогтоол нь зөв зүгт чиглэсэн эерэг алхам юм. Энэ нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо. Байгуулагдсан байгаа одоогийн гэрээнүүд нь уурхайн бүтээн байгуулалтыг нөхцөлдүүлж ирсэн. Бид бүхий л хувьцаа эзэмшигчдэд Оюутолгойгоос илүү их үр ашиг хүртээх арга замуудыг эрэлхийлэх болно.

Усны нөөцийн хамгаалалтын тухайд, Оюутолгой уурхай нь ОУВС-ийн Усны менежментийн үйл ажиллагааны сайн дурын кодексоос 2018 онд шагнал хүртсэн. Усны нөөцийг хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт юм. Оюутолгойн ус дахин ашиглалтын түвшин 88%-тай байна.

-Төслийн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж байгааг танай компани хэрхэн зохицуулж байна вэ? Нэмэлт санхүүжилт босгох эцсийн хугацаа хэдийд байх бол? 2020 онд төслийг хэрэгжүүлэх хангалттай санхүүжилт бий юу?

-“Туркойз Хилл Ресурс” нь далд уурхайн төслийн бүтээн байгуулалтыг 2021 оны эхний улирал хүртэл санхүүжүүлэх хангалттай чадамжтай гэж харж байна. Гэхдээ төслийг бүрэн дуусгах хүртэл нэмэлт санхүүжилт шаардлагатай. Бид санхүүжүүлэх хувилбаруудыг бүгдийг нь авч үзэж, хамгийн боломжит хувилбарыг “Рио Тинто”-д санал болгоно.

-Та төслийн 2020 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн удирдамж болон ил болоод далд уурхайн тоног төхөөрөмжийн зардлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2020 оны уурхайн үйлдвэрлэлийн удирдамж болон уурхайн тоног төхөөрөмжийн зардлын талаарх мэдээллийг нэгдүгээр сарын эхээр зарлана гэж харж байна.

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх