Өгөх хэцүү, байх хэцүү "тэтгэвэрийн зээл тэглэх" талцал...

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэр гарсан тухай дуулгасан.

Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хамтран тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх гэнэтийн шийдвэр гаргасан нь зарим ахмадуудын магнайг тэнийлгэсэн баярт үйл явдал болов.

Гэтэл зарим ахмадууд эл шийдвэрийг сонссоод зээл авахаар бужигнаж эхэлсэн сураг байгаа юм. Эл шийдвэр гармагц,  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгөв. Учир нь тэтгэврийн зээл авах хүсэлт олноор ирж, банкуудын зээл олголтод гэнэтийн, сөрөг өөрчлөлт гаргахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон аж.

Ингэснээр зээл авахаар бужигнаж эхэлсэн ахмадуудын найдвар талаар болж хувирав.  Сар шинийн баяр хаяанд тулж ирсэн энэ үед тэтгэврийн зээл олгохгүй байх нь ахмадуудын хувьд хүнд цохилт. 

Эл өдрүүдийн гол сэдэв болоод байгаа тэтгэвэрийн зээлийг тэглэх шийдвэрт зарим нэг улстөрч, эдийн засагчид ч эсрэг байр суурьтай байгаа. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гурвыг ахмад настнууд дээр тоглолт хийж, популизм хийлээ гэх зэргээр шүүмжлэх хүмүүс хаа сайгүй. 

Түүнчлэн ҮАБЗ дээр гарсан эл шийдвэрийн талаар Сангийн сайд мэдээгүй байсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа  нийтлэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү Салхитын мөнгөний ордын өмчлөх эрх нь эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн маргаантай явж байгаа. Эцэслэн шийдэгдээгүй ордоос мөнгөтэй болж тэтгэвэрийн зээлийг тэглэх юм шиг байна хэмээн хэвлэлээр байр сууриа илэрхийлэв. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ: Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ.Улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх хүмүүс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр гэж мэдэгдсэн.

Сонгууль дөхөөд ирэхээр Улстөрчид мөнгө өгөхдөө үргэлж ард түмний зовлон дээр тоглолт хийж, өгөөмөр шалтгаанууд гаргаж ирдэг. Малчдаа харж үзнэ, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ, шатахуун хямдруулаад өгнө, үнэ тогтворжуулна гэх мэт ямар нэг олон нийтийн хүсэл мөрөөдөлд дөрөөлж, ядарсан нийгмийн бүлгийг харж үзсэн сайхан сэтгэлтний дүрд хувирдаг нь нууц биш. 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

Ямартай ч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр сонссон зарим ахмадууд магнайгаа хагартал баярласан бол, зарим нь зээл ч авч чадахгүй сар шинэтэй золгох нь хэмээн бухимдалтай сууна. 

У.МАНДАХ

FACT.MN 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх